Гурван бөх алтан медалийн барилдаанд шалгарчээ

2015 оны 12 сарын 11

-С.Батцэцэг, П.Орхон, Д.Отгонцэцэг нар алтан медалийн барилдаанд шалгарчээ-

ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын “Чебоксары Арена” спортын ордонд Чуваш улсын Тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит нээлттэй “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн болж байна. Өнөөдөр хүрэл, алтан медалиудын төлөөх барилдаан болно.

48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ц.Намуунцэцэг /“Хасу-Мегастарс” клуб/ нэгдүгээр тойрогт Челябинск хотын бөх Эльвира Гизатулинаг 10:0 онооны харьцаагаар ялж дараа нь оросын бөх Милана Дадашеваг цэвэр хожиж хагас шигшээ барилдаанд оросын бөх Валерия Чепсараковад 4:4 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө оросын бөх Валентина Исламоватай барилдана.

53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, ДАШТ-ний мөнгөн медальт Д.Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб/ нэгдүгээр тойрогт Кемерово мужийн бөх Алёна Кууларыг 2:1 онооны харьцаагаар хожиж дараа нь оросын бөх Ольга Хорошевцеваг цэвэр дарж хагас шигшээ барилдаанд азербайжаны бөх Лейла Гурбановаг 3:2 онооны харьцаагаар өвдөг шороодуулж алтан медалийн төлөө оросын бөх Любовь Сальниковатай өрсөлдөнө.

Энэ жинд олон улсын хэмжээний мастер, ДАШТ-ний мөнгөн медальт Э.Сумьяа /”Хилчин” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Краснодарь хязгаарын бөх Екатерина Полещукийг 10:0, дараа нь оросын бөх Мария Якубовичийг 8:5 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд оросын бөх Любовь Сальниковад 18:24 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө оросын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Мария Гуроватай барилдана.

58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг /“Хасу-Мегаватт” клуб/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт оросын бөх Кристина Елоеваг 4:0 онооны харьцаагаар ялж дараа нь П.Орхонд 3:11 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд оросын бөх Вероника Кордюковаг 10:0 онооны харьцаагаар өвдөг сөхрүүлж хүрэл медалийн төлөө оросын бөх Мария Люльковатай хүч үзнэ.

Олон улсын хэмжээний мастер П.Орхон /“Алдар” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт оросын бөх Ирина Кордюковаг 4:0, дараа нь А.Батцэцэгийг 11:3 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд оросын бөх Мария Люльковаг цэвэр ялж алтан медалийн төлөө оросын бөх, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт, европийн 5 удаагийн аварга Наталья Гольцтой барилдана.

Олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Эрхүү мужийн бөх Дарья Богдановаг цэвэр ялж хагас шигшээ барилдаанд оросын бөх Наталья Гольцтой барилдаж торгуулийн оноогоор ялагдаж хүрэл медалийн төлөө оросын бөх Светлана Липатоватай гар зөрүүлнэ.

60 кг-ын жинд Гавьяат тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт Т.Мөнхтуяа /“Хангарьд” клуб/ нэгдүгээр тойрогт оросын бөх Диана Мупукийг 6:0 онооны харьцаагаар ялж дараа нь АНУ-ын бөх Алли Рагэнд цэвэр хожигджээ.

63 кг-ын жинд Гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг /63 кг, ”Хилчин” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт оросын бөх Анжела Фоменко, хагас шигшээ барилдаанд Ирина Ёремина нарыг дараалан цэвэр ялж шувтаргын барилдаанд оросын бөх Инна Тражуковатай барилдана.

Д.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна