Шинэ-Зеландад далбааны санал асуулга болж байна

2015 оны 12 сарын 11

 

Шинэ-Зеландын засгийн газар төрийн далбаагаа шинэчлэхээр сонгогдсон таван загвараар ард иргэдийн дунд санал асуулга явуулж байна. Санал хураалт баасан гаригийн оройн 19.00 цагт дуусах бөгөөд үр дүнг шууд зарлах аж. Улмаар ирэх гуравдугаар сард ард иргэдийн дунд дахин санал асуулга явуулж, шинэ загварын төрийн далбааг сонгох эсвэл хуучнаар нь үлдээх эсэхийг шийдэх гэнэ.

 

Их Британийн колонид байсан Шинэ Зеланд улсын төрийн далбаанд Их Британийн төрийн далбааны “Union Jack”-ын дизайн орсон байдгийг өөрчлөхөөр зэхэж байгаа юм.

 

Шинэ-Зеландын шинэ төрийн далбааны эцсийн загваруудыг 10 мянга гаруй бүтээлээс шалгаруулсан аж. Албаныхан өнгөрсөн есдүгээр сард төрийн далбааны дөрвөн загварыг сонгоод байсан ч цахим ертөнцөд өрнөсөн дуулианы дараа нэгийг нэмж оруулжээ.

 

Шинэ-Зеландын төрийн далбааны шинэ загваруудад ард түмний соёл, спортын уламжлал, онцлогийг тусгаж өгсөн байна. Шинэ-Зеланд төрийн далбаагаа шинэчлэх ажилд нийтдээ 18 орчим сая ам.долларыг зарцуулах тооцоо гарчээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна