Ипотекийн зээл зогсох уу

2015 оны 12 сарын 11

Ардчилсан нам Засгийн эрхийг авсныхаа дараа жил буюу 2013 оноос жилийн найман хувийн ипотекийн зээлийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр ажилтай, орлоготой хэн ч болов банкнаас зээл авах боломж бүрдсэн. Үр дүнд нь өнөөдөр 75 мянган өрх айл тохилог байранд амьдарч байна. Энэ бол мянга, мянган залууст боломж олгосон сайн хөтөлбөр байлаа. Байлаа гэхийн учир бол Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулж өчигдрөөс эхлэн Монголын банкуудын холбоо орон сууцны найман хувийн зээлийг зогсоохоо зарласны дагуу арилжааны бүх банкууд зээл авахаар материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн зээлийг царцаагаад байна.

Цэц хэдийгээр шууд банкны зээл, түүний хүүтэй холбоотой шийдвэр гаргаагүй гэж байгаа боловч найман хувийн ипотекийн зээлтэй холбогдож байгаа учраас банкууд ч мөн эрсдэлээ хамгаалахын тулд зохих шийдвэрээ гаргасан хэрэг. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор асуудал түдгэлздэг хуультайг ч санах ёстой болов уу.

Ипотекийн зээл тойрсон асуудал үүгээр дууссангүй, өчигдөр орой УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хамтарсан мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг шинэчилж, орон сууцны найман хувийн зээлийг үргэлжлүүлэн явуулах боломжийг хангасан, мөн гэр хорооллын иргэдийн хашааны газрыг өмчлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ дахь Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс хамтран санаачилж нэн яаралтай УИХ-аар батлуулахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна” гэв.

Энэ мэдэгдлийн дараа ипотекийн зээл хүсэж байсан иргэдийн итгэл дахин сэргэж байна.

Үнэхээр уг хөтөлбөр зогсчихвол жилийн 20 хувийн хүүтэйгээр орон сууцны зээл авч байранд орох иргэн олдохгүй болно. Эргээд энэ нь барилгын салбарын үйл ажиллагаанд нөлөөлж, банкнаас авсан зээлээ эргэн төлөх боломжгүйд хүргэнэ. Мөн барилгын салбарт ажиллаж байгаа олон мянган залуус ажилгүй болж, байрны, машины, цалингийн зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсгэж болзошгүй. Сөхрөөд байгаа эдийн засгаа бүр элэгдсэн үйлдэл болно гэхэд хилсдэхгүй.

Тиймээс Үндсэн хуулийн Цэц асуудалд нухацтай хандаж, улстөржилтөө зогсоохгүй бол хамгийн амжилттай явж байсан хөтөлбөрөө зогсоохоос гадна ипотекийн зээлээр байр авахаар цалингаасаа илүүчилж байсан иргэдийхээ итгэлийг үгүй хийх болоод байгаагаа ухаараасай.

Г.ДАРЬ
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна