Хоёр Солонгосын дэд сайд нар уулзалдав

2015 оны 12 сарын 11

 

Хоёр Солонгосын дэд сайд нар өнөөдөр /XII.11/ Кесон аж үйлдвэрийн цогцолборт уулзалт хийж байна. Уулзалтаар хэлэлцэх асуудлыг нийтэд танилцуулаагүй боловч харилцаа, хамтын ажиллагаагаа сэргээхэд анхаарах бололтой. Өмнө нь ийм уулзалтыг 2013 оны зургадугаар сард товлоод байсан ч Хойд Солонгосын талаас цуцалж байсан аж.

 

Дэд сайд нарын энэ уулзалтыг өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлээр хилийн Пханмунжом тосгонд хоёр талын албаныхан хэлэлцэж тохирсон юм. Хойд болон Өмнөд Солонгос өнгөрсөн наймдугаар сараас хойш уулзалт, яриа хэлэлцээгээ сэргээж, харилцаагаа сайжруулахаар хичээж байна.

 

Үүний зэрэгцээ Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоовол удирдагч Ким Чен Унтай биечлэн уулзах хүсэлтээ Өмнөдийн ерөнхийлөгч Пак Кын Хе илэрхийлсэн юм. Хоёр Солонгос өмнө нь 2000, 2007 онуудад дээд хэмжээний уулзалт хийсэн билээ.

 

Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ сарын сүүлээр Хойд Солонгост айлчлахаар зэхэж буй. Бан Ги Мун өнгөрсөн тавдугаар сард Хойд Солонгост айлчлахаар төлөвлөсөн байсан ч Пхеньян урилгаа цуцалсан юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна