Умард Солонгос устөрөгчийн бөмбөгтэй юу?

2015 оны 12 сарын 11

 

Дэлхийн дээрх хамгийн ганцаардсан Умард Солонгосын дарангуйлагч Ким Чен Ун устөрөгчийн бөмбөгтэй болсноо пүрэв гаригт бахархалтайгаар зарлалаа. Хэрэв Умард Солонгос үнэхээр устөрөгчийн бөмбөгтэй болсон бол цөмийн зэвсгийн хүчин чадлаа даруй хэд дахин өсгөсөн гэсэн юм.

 

Харин гадаадын ажиглагчид Умард Солонгосыг устөрөгчийн бөмбөгтэй болсон гэдэгт эргэлзэж байгаа юм. АНУ-ын шинжээчид Умард Солонгосыг цөмийн зэвсгийн төсөл дээр ажиллаж байгаа талаар мэдээлж байсан ч цөмийн зэвсгээс хэдэн зуу дахин хүчтэй, хөнөөлтэй устөрөгчийн, халуун цөмийн үхлийн зэвсэг үйлдвэрлэх хөрөнгө, технологи байхгүй гэж үзэж байна.

 

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун “Өөрийн тусгаар тогтнол, үндэсний нэр алдраа хамгаалах үүднээс цөмийн болон устөрөгчийн зэвсэг хэрэглэх хүчирхэг улс боллоо” хэмээн мэдэгдсэнийг пүрэв гаригт үндэсний KCNA мэдээллийн агентлагт уламжилсан.

 

Умард Солонгос 2006, 2009 болон 2013 онд газар доор цөмийн туршилт явуулахдаа дээрхтэй адил мэдэгдлүүд хийж байсан ч тухай бүр амжилтгүй болж байсан юм. Үүний хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг худалдаа, эдийн засгийн хориг тавьсан билээ.

 

Ким Чен Уны дээрх мэдэгдлийн дараа Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг Умард Солонгост Кимийн яриад байгаа шиг устөрөгчийн бөмбөг, зэвсгийн байгууламж байгааг гэрчлэх нотолгоо байхгүй гэж мэдээллийн агентлагт албан ёсоор мэдэгджээ.

 

Умард Солонгос өмнө нь атомын бөмбөг бүтээхэд ашигладаг плутониг цөмийн туршилтандаа хэрэглэдэг байжээ. Хэрэв үнэхээр устөрөгчийн бөмбөг бүтээсэн бол энэ нь Умард Солонгосын хувьд том алхам биш, үсрэлт гэж цөмийн шинжээчид үзэж байна. Умард Солонгос 1980 оноос хойш ураны өндөр баяжмал болон плутонийг цөмийн хөтөлбөртөө ашиглаж байгааг АНУ-ын шинжээчид олж мэдсэн. Гэвч ядуу, буурай, өлсгөлөнд нэрвэгдсэн энэ улс устөрөгчийн бөмбөг гаргаж авсанд итгэх хүн ховор байна.

 

Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн бодлогын хүрээлэнгийн судлаач Ли Чун-гён  "Умард Солонгос устөрөгчийн бөмбөг бүтээсэн гэхэд итгэхэд бэрх. Магадгүй ийм зэвсэг гаргаж авахаар оролдож байгаа байх” гэжээ.

 

Умард Солонгосын гэнэтийн мэдэгдэл эргэлзээ, сэжиг, таамаг бий болгоод байгаа бөгөөд зарим шинжээчид хаалттай улсын гэнэтийн сэжигтэй мэдэгдэл нь дэлхий нийтийн анхаарлыг татах замаар дайснуудтайгаа хэлэлцээ хийх арга эрэлхийлж буй гэж үзэж байгаа юм.

 

Хаалттай энэ улс 1.2 сая байнгын цэрэгтэй, 7.7 сая чөлөөнд гарсан цэргийн үүрэгтэнтэй, хамгийн их цэрэгжсэн улс юм. Гэвч цэрэг, армийн зэвсэг сэлт нь хуучирч, хоцрогдсон учраас цөмийн зэвсгээр хөөцөлдөх болсон билээ.

 

Өнгөрсөн тавдугаар сард Умард Солонгос цөмийн цэнэгт хошуу гаргаж авсан гэж мэдэгдсэн боловч АНУ үүнд итгээгүй.

 

АНУ-ын зэвсгийн шинжээч Дэвид Олбрайтын хэлж буйгаар Умард Солонгос энэ онд цөмийн 10-15 зэвсэг бүтээх төлөвтэй байсан бөгөөд энэ тоо жилд тэр хэмжээгээр нэмэгдэж болзошгүй гэж таамаглажээ. Шинжээчийн таамагласнаар Умард Солонгос ойрын зайд цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэх боломжтой хэдий ч АНУ-д аюул заналхийлэх тив хоорондын баллистик пуужин бүтээх болоогүй ажээ.

 


 

Устөрөгчийн бөмбөг атомын бөмбөгөөс юугаар ялгаатай вэ?

 

Дэлхийн II дайны сүүлчээр АНУ Японы Хирошима, Нагасаки хотын дээрээс хаясан шиг атомын бөмбөг нь агшин зуур задарч, асар их энерги ялгаруулан, эвдлэн сүйтгэх хүч болдог.

 

Устөрөгчийн бөмбөг буюу халуун цөмийн бөмбөг нь цөмийн нэгдлийн реакцаас асар их энерги ялгаруулдаг атомын бөмбөгөөс хэдэн зуу дахин илүү хор хөнөөлтэй, аюултайд тооцогддог байна.

 

1945 онд Хирошимад унасан атомын бөмбөг 13,000 тонн тротиллын эквиваленттай тэнцэж байсан бол 1952 онд АНУ-ын Маршаллын арал дээр явуулсан хамгийн анхны халуун цөмийн туршилт 10.4 сая тонн тротиллын эквиваленттай тэнцэх хэмжээний буюу 700 дахин хор хөнөөлтэй байсан гэдэг.

 

Түүнээс нэг жилийн дараа ЗХУ мөн халуун цөмийн туршилтыг явуулсан ажээ. Устөрөгчийн буюу халуун цөмийн бөмбөг үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж буй орнуудын тоонд Хятад, Их Британи, Франц багтаж байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна