Амьдрал бэлэглэсэн аваргатайгаа уулзжээ

2015 оны 12 сарын 11

Японы Кагошима мужийн Киришима хотноо мэргэжлийн сүмогийн тойргийн барилдааны үеэр нэгэн гайхалтай үйл явдал болжээ. Тус хотын 8 настай Цүрүзоэ Хината хүү энэ сарын 8-ны өдөр өөрт нь амьдрал бэлэглэсэн Ёкозүна Хакухотой уулзсан байна.

Хүү хоёр жилийн өмнө 500 мянган хүнд нэг тохиолддог зүрхний өвчнөөр өвдсөн нь тогтоогджээ. Түүний амийг аврах ганцхан арга бол АНУ-д зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орох байж. Хүүгийн амийг аврах мэс заслын төлбөр 145 сая иень (2,2 тэрбум орчим төгрөг) байжээ. Хакухо аварга хүүгийн тухай олж мэдснийхээ дараа олон нийтийг хүүд туслахыг уриалж, хандивын аян зохион байгуулсан байна. Хандиваар мэс заслын төлбөрийг олж чадсан бөгөөд хүү өнгөрсөн долоодугаар сард зүрх шилжүүлэн суулгах мэс засалд оржээ.

Хүү аваргад бичсэн захидлаа сумогийн дэвжээн дээр уншиж “Уулзахыг ихэд хүссэн” гэж хэлээд цэцгийн баглааг Хакуход бэлэглэсэн байна. Захиа болон цэцэг хүлээн авсан аварга хүүг үнсэж, талархалаа илэрхийлжээ.

Хакүхо хүүгийн духан дээр үнсээд “Анх уулзахад би уйлах шахсан. Эрүүл болсонд чинь баяртай байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болоорой. Мөн сумод жаахан дуртай бол бүр сайн” гэж хэлжээ.

Хакуха Кагошима мужийн иргэдээр дамжуулан хүүтэй танилцсан юм. Хүүтэй уулзсаныхаа дараа аварга өөрийн блогоороо дамжуулан олон нийтийг хүүд туслахыг уриалж, хандивын хайрцаг  ажиллуулж эхэлсэн билээ. 

Уулзалтын үеэр Хинати хүү “Би нарийн боовчин болно” гэж хэлжээ.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна