Хүсэл биелдэг үү?

2015 оны 12 сарын 11

Зохиолч, найруулагч Р.Эрхэмбүрэн, "OI"ENTERTAINMENT продакшны хамтран бүтээсэн “Хүсэл” кино саяхан кинотеатруудад нээлтээ хийлээ. Киноны утга агуулга бол энгийн. Орчин цагийн залуусын амьдралын хэв маяг, хар бага наснаасаа үерхсэн дөрвөн найзын үерхэл нөхөрлөл, эцэст нь бие биедээ өгсөн андгайг биелүүлэх гэсэн өсвөр насны хөвгүүдийн гэнэн гэмээр баатарлал. Эцэс төгсгөлгүй мэт байсан зугаа цэнгэл нэг л өдөр төгсгөл болж, хүнд өвчний улмаас өдөр хоногоо хүлээж байсан нэг нөхрийнхөө төлөө хэзээ нэгэн цагт биелүүлнэ гэж амласан багын хүсэл мөрөөдлөө гүйцээхээр цаг хугацаатай уралдацгаана. Гэвч үүнийг хийхийн тулд тэдэнд мөнгө хэрэгтэй, түүнийг хаанаас олох вэ?

Хүсэл бүхэн илбийн юм шиг гүйцэлдэж байтал нэг л өдөр найз нь хууль бус наймааны хар мөнгөнд гар дүрснээ хүлээж, үүнээс болоод дөрвөн найзын амьдрал хутганы ирэн дээр ирдэг. “Явах хүнээс илүү үлдэх хүн нь шаналантай” гэдэг үгийн утга учрыг эндээс ойлгож бас болно. Авлигад автсан цагдаа, архинаас болж ажил амьдралаа дээсэн дөрөөн дээр аваачсан шударга нэгэн /СТА Ц.Төмөрхуяг/, амьдралынх нь цорын ганц эрдэнэ болсон хүүгийнхээ төлөө бүхнээ зориулж яваа эх /АЖ С.Сарантуяа/ хүний зориг тэвчээр гээд их олон үйл явдлын огтлолцол уг кинонд гарна л даа. Нэг талаас харвал байдаг л нэг түүх, байдаг л нэг учрал. Гэвч энэ бол орчин цагийн залуусын амьдралын хэмнэл, хүсэл тэмүүлэл, хайр сэтгэл, үерхэл нөхөрлөл, тэднийг хүрээлж байгаа орчин ахуй, хаашаа ч зугтах аргагүй нүцгэн үнэн.

Киноны төрөл жанрын хувьд “комеди драм” талдаа орох байх. Гэхдээ энэ төрлийн, өмнө гарсан бусад кинонаас ялгаатай нь киноны үйл явдал, өрнөл их хурц. Дурангийн өмнө өрнөж байгаа бүх үйл явдлууд энгийн мөртлөө үнэмшилтэй, өрнөлтэй, үргэлж сэтгэл түгшүүлж, бас хиртхийлгэж, уулга алдуулна. Харин кино дууссаны дараа тэр бүх түгшүүр, дарамт үгүй болж сэтгэл хөнгөрөөд гарах нь гайхалтай. Хэрэг болгож кинотеатрт оччихоод өөр дээрээ бөөн бөөн ачаа үүрээд гарахыг хүсдэг хүн байхгүй биз дээ.

Бас нэг онцлог нь найруулагчийн дүрийн сонголт. Орчин цагийн Монголын кинонд түгээмэл болсон хацар нь өөхөлж, гэдэс нь сулбайгаад наснаасаа эрт өвгөрчихсөн шинэ үеийн “оддын” дүр төрхийг тэндээс харахгүй. Бас хуурмаг нинжин сэтгэл, хоосон цэцэрхэл ч байхгүй. Зүгээр нь хориод насны хөвгүүд охидын туулаад өнгөрдөг тохиол, хар хоргүй саваагүйтэл, хэнийг ч гэсэн тосч болдог, эгзэг нь таарвал эргээд засч чадахгүйд ч хүрч болох алдаа эндэл, амьдралын сүүдэр. Ганцхан энэ бүхнийг цаг хагасын цагийн дотор, нүд ирмэхийн зуурт үзүүлж чадсан нь уг киноны найруулагч, зураг авалтын багийнхан, жүжигчдийн ур чадвар болов уу? Хүслэн, Төгөлдөр, Кимбо, Сод дөрвөн найз, бас тэдэнтэй санамсаргүй тохиолдлоор зам нийлсэн Уянга бүсгүй...

Киноны зохиолч, найруулагч Р.Эрхэмбүрэнгийн хувьд СУИС-ийн кино, драмын ангийг төгссөн шинэ жүжигчин. МҮОНТВ-ээр гарсан “Усны гудамж” олон ангит кинонд тоглож, бас нэлээдгүй олон кинонд туслах найруулагчаар ажилласан. Харин “Хүсэл” кино түүний бие дааж хийсэн анхны кино юм байна. 25 настай залуу хүн хийсэн гэхэд маш их хөдөлмөр гаргасан, тэр хэрээрээ киноны ур хийц, үйл явдлын шугам, өрнөл, тайлал, зураг авалт гээд олон зүйл дээр өмнөх үеийнхээ найруулагч нараас ч зарим талаар илүү гарахаар чамбай болжээ гэж харагдсан. Юмыг халтуурдахгүй хийнэ гэдэг сайхан юм.

Ганц гэм нь жүжигчний “хэл”. Одоо бол энэ тухай UBS телевизээс зохион байгуулдэг “Орших уу, эс орших уу” театрчилсан шоуны үеэр шүүгч нар хааяа нэг оролцогчдоосоо нэхэж байгаа харагддаг. Жүжигчин хүний хэл яриа маш хурц тод, сонсголонтой байх ёстой. Бидний “алтан үеийнхэн” гэж нэрлэдэг өмнөх үеийхний хийсэн киног харахад тийм л байдаг. Шивнээд ярьж байгаа хүний үг, амьсгаа хоёр тус тусдаа сонсогдоно шүү. Гэвч сүүлийн үед техник хөгжөөд киноны дүрс, дуу хоёрыг зэрэг бичдэг болсноос тэр үү, “жүжигчний хэл” гэдэг юм байхгүйтэй адил болсон. Эх хэлээрээ гарч байгаа, дэлгэц дүүрэн хашгирч байгаа ярианаас бүтэн киноны туршид арван үг алдаад өнгөрөх бол юу ч биш. Гэхдээ энэ бол ганц энэ кинонд анзаарагдсан зүйл биш л дээ. Яг одоо та зурагтаа асаагаад сонсон ч болно. Сүүлийн үеийн жүжигчид бүгд “хэлгүй” болсон. Хэрвээ Монголын киног гадаадын кинотеатруудад аваачаад орчуулах гэвэл хамгийн сайн монгол хэлтэй орчуулагч ч орчуулж чадахгүй л болов уу. Үгээ дутуу хэлнэ, залгина, хашгична, шүлсээ үсчүүлнэ, дөхүүлээд л хаячихна. Гэтэл манай телевизүүдийн гаргаж байгаа Оросын сериалуудыг сонсоод үзээрэй. Орчуулганы цаана давхар явж байгаа орос үгнүүд хүртэл чихэнд бүтнээрээ унаж ирнэ шүү. Ийм л ялгаа байна.

Гэвч энэ бол ганц энэ кинон дээр харагдаж байгаа доголдол биш гэдгийг түрүүн хэлсэн. Бусдаар бол “Хүсэл” киноны хувьд бол яах аргагүй залуу үеийн кино болж чаджээ. Бас залуу насаа үдсэн, хаа нэгтээ мартаж гээсэн, бас хэзээ ч өөрсдийгөө залуу яваагүй юм шигээр сэтгэдэг хүмүүст ч хэрэгтэй, сургамжтай. Учир нь хүн бүрт хүсэл бий. Тэр хүсэл бүхэн өөр өөрийн үнэ цэнэ, цаг хугацаа, утга учиртай. “Хүсэл” биелдэг юм билээ...

Б.ЗАЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна