Улсын өр зургаан их наяд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Улсын өр зургаан их наяд хүрлээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2015 оны эхний 11 сарын улс орны эдийн засгийн тоон үзүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ.  Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт энэ оны 11 дүгээр сарын эцэст 9.8 их наяд төгрөг болж өмнөх сарынхаас 91.2 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеийнхээс 119 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар буурчээ. Гүйлгээнд гарсан бэлэн мөнгө 710.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 29.2 тэрбум төгрөгөөр, 2014 оны 11 дүгээр сарын эцэстэй харьцуулахад 58.4 тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.9 их наяд төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 899.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 454.9 тэрбум төгрөг буюу хоёр дахин өссөн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 849.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оноос 229.8 тэрбум төгрөг буюу 37.1 хувиар  өсжээ. Улсын зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ зургаан их наяд 132.4 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл  нэг их наяд 102.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого энэ оны эхний есдүгээр сарын байдлаар 937 мянга, зарлага 936.6 мянган төгрөг болж, өнгөрсөн оныхоос 24 мянган төгрөгөөр буурчээ. Ингэж нэг өрхийн орлого багассан нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого буурсантай холбоотой гэж шинжээч тайлбарлалаа. Өнгөрсөн 11 дүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 0.2 хувь, оны эхнээс 2.1 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувиар өсчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэд 31.3 мянга болж, өнгөрсөн оны энэ үеэс 4600 хүн буюу 12.8 хувиар буурчээ. Ажил хайсан иргэдийн 56 хувь буюу 17.5 мянган нь эмэгтэйчүүд байна. Уул уурхайн салбар дахь гадаад шууд хөрөнгө оруулалт зогссон нь ажилгүй иргэдийн тоог нэмэх нэг шалтгаан болсныг шинжээчид тодотголоо. Мөн улсын эдийн засаг саармагжиж, аж ахуйн нэгжүүд орон тооны цомхотгол явуулсан нь ажилгүй иргэдийн тоог нэмжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, бутармал чулуу зэрэг бүтээгдэхүүний олборлолт 2-46 хувиар буурчээ. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт цемент, хивс, төмөр бетон эдлэл, вакуум цонх, хаалга, тамхи, металл бэлдэц, ган төмөр хийц зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.9-64 хувиар буурсан байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж