“Хүн төрхтэй чөтгөр л Нобелийн шагналыг бодсон байлгүй”

2015 оны 12 сарын 11

-Өнөөгөөс 120 жилийн өмнө Альфред Нобель Нобелийн шагналынхаа гэрээслэлийг бичжээ-

 

Wikimedia Commons Альфред Нобель

 

Арванхоёрдугаар сарын 10-д гардуулсан, өнөөдөртөө дэлхийн хамгийн нэр хүндтэй Нобелийн шагналын санд хөрөнгө шилжүүлж байгаа тухай гэрээслэлийг 120 жилийн өмнө Альфред Нобель бичин үлдээжээ. Хүн төрөлхтөнд ололт судалгаагаараа ихээхэн тус дэм үзүүлж буй хүмүүсийг жил бүр шагнан урамшуулж байхыг Альфред Нобель хүссэн байжээ. Энэ шагналтай холбоотой сониноос танилцуулахад хэзээ ч оройтохгүй болов уу.  

 

Сэтгүүлчдийн алдааны улмаас гаргасан шагнал

 

Сэтгүүлчид 1888 онд химич, инженер, динамит гэх тэсрэх бодисыг бүтээгч Альфред Нобель нас барлаа гэж дэлхийд зарласан юм. Сурвалжлагч нар энэ удаа алджээ. Үнэн хэрэгтээ бол Альфредын ах Людовиг Нобель нас барсан байжээ.

 

“Үхлээр наймаалагч нас барлаа” гэсэн гарчигтай өөрийн нас барсан тухай мэдээг зохион бүтээгч гайхан уншсан гэдэг. Альфред Нобель хүн төрлөхтний нүдэнд хорлонтой хүн болон үлдэхийг хүссэнгүй. Тэгээд 1895 оны арваннэгдүгээр сарын 27-нд Парис хот дахь Швед-Норвегийн клубт тэрээр дараах гэрээслэлийг бичин үлдээжээ.

 

“Би, дор бичигч Альфред Бернхард Нобель, сайтар бодсоны эцэст өөрийн хураасан хөрөнгийн талаар гэрээслэл бичиж байна.. Гэрээслэлийг гүйцэтгэгч нар миний хөрөнгийг үнэт цаасанд оруулан сан байгуулж, хүүгээр нь жил бүр хүн төрөлхтөнд аль болох их ашиг тус авчирсан хүмүүсийг  шагнаж байх ёстой.

 

Ноогдсон хүүг нь тав хуваагаад, эхний хэсгийг нь физикийн салбарт, хоёр дахь хэсгийг нь химийн салбарт, гурав дахийг нь бие судлал, эмнэлгийн салбарт илүү чухал нээлт хийсэн хүнд, дөрөв дэхийг нь хүний бишрэлийг тусгасан уран зохиолын чухал бүтээл зохиогчид, тав дахиар нь ард түмний эв нэгдэл, боолчлолыг устгах, армийн тоо бүрэлдэхүүнийг бууруулах, энхийн хэлэлцээрт чухал хувь нэмэр оруулсан хүнд  зориулж байх ёстой.

 

...Миний онцгой хүсэл бол шагналыг гардуулахад нэр дэвшигчийн яс үндэс нөлөөлөхгүй байх явдал. Тэд скандинавчууд эсвэл үгүй юу гэдгээс үл хамааран шагнал бүхнээс илүүтэй шалгарсан хүнд өгөгдөж байх ёстой” хэмээн Нобель гэрээслэлдээ бичсэн юм.

 

Хамаатан саднаа бухимдуулсан нь

 

Альфред Нобель гэрээслэлээ бичсэнээс жилийн дараа тархинд нь цус харван өөрийн өргөөнд нас баржээ. Нас барахаасаа хэдэн жилийн өмнө тэр өөрийн тухай ингэж өгүүлсэн байдаг: “Альфред Нобелийн төрөхөд нь энэрэнгүй доктор амьдралыг таслах хэрэгтэй байжээ. Гол буян нь: хумсаа цэвэрлэх нь хэнд ч хүндрэлгүй. Гол дутагдлууд нь: гэр бүлгүй, муухай зантай, хоолны  шингэц муу. Агуу их нүгэл нь:  Маммонад шүтлэггүй (тайлбар: Шинэ гэрээ сударт “маммона” нь эд баялгийн илэрхийлэл гэгддэг. Сүсэгтэн хоёр бурханд итгэж болохгүй. Бурхан маммона хоёрт зэрэг үйлчилдэггүй гэж номлосон байдаг). Амьдралын чухал үл явдлууд: юу ч байхгүй”.

 

Домогт зохион бүтээгчийн залгамжлагчид тэр их хөрөнгө тэдний халаасанд ороогүйд дургүйцэлгүй яахав. Тэд гэрээслэлийг хүчингүй болго гэж шаардаж байв. Тэднийхээр болсон бол өнөөдөр энэ шагнал байхгүй байлаа. Нобелийнхнаас ганцхан хүн хөрөнгийн талаар шаардаагүй нь түүний ач Эммануил байв. “Оросууд бол гэрээслэлийг биелүүлэгч нарыг “душеприказчик” буюу “сүнсийг төлөөлөгч” гэдэг юм. Тэгээд л түүний дагуу хий” гэж тэр хуульчдад хэлсэн байжээ. “Нэр хүндтэй эрдэмтэн мэргэд тэдэнд зориулагдсан мөнгийг манай гэр бүлийнхэн хулгайлсан гэж биднийг буруутгахыг би хүсэхгүй” хэмээн хожим тэр нэмэн хэлжээ.

 

Эцсийн эцэст шударга ёс дийлэн гарч эрдэмтэн нас барснаас хойш хэдэн жилийн дараа  анхны таван шагналыг гардуулжээ. Шведийн банкны санаачилгаар тэдэн дээр 1969 оноос эхлэн Альфред Нобелийн дурсгалд зориулагдсан эдийн засгийн Нобель нэмэгдсэн байна.

 

Зөвхөн нэг удаа л сангийн мөнгө зориулалтаараа биш зарцуулагдсан түүх байдаг. Софи фон Капивара гэдэг эмэгтэй авьяаслаг зохион бүтээгчтэй дотны харилцаатай  байснаа ил гарган түүний захидлуудыг нийтлэнэ гэж заналхийсэн тул “сүнсний төлөөлөгч” нар нь 216  захидлыг ихээхэн мөнгөөр худалдан авчээ. “Хэрэв нэг шуналтай саалчин авгай байгаагүй бол шинжлэх ухаан  илүү баян байх ёстой байж дээ” гэж өнөөг хүртэл эрдэмтэд шоглон ярьдаг гэнэ.

 

“Чи сайхан хүүхэн, гэхдээ нерв хөдөлгөөд байх юм”

 

Нэгэн домгоор, Альфред Нобель эхнэртэй байсан гэнэ. Харин эхнэр нь нэгэн тоочинд ухаангүй дурлажээ. Ингээд  тоочид шагналгүй хоцорсон гэдэг. Гэтэл намтар зохиогчид агуу их ивээн тэтгэгчийг хэзээ ч гэрлэж байгаагүй гэдэг юм. Тэр залуудаа эмийн сангийн ажилтан бүсгүйд хайртай болсон харин тэр нь хижгээр нас баржээ. Гашуудаж, гашуудаж тэр сүүлд нь шинэ эмэгтэйд дурласан нь алдартай жүжигчин Сара Бернар байв. Эрдэмтэн  гэрлэмээр байна гээд ээждээ бичсэн байдаг. “Дээр үед жүжигчдийг оршуулгын газар  нутаглуулахыг зөвшөөрдөггүй байсан нь учир утгатай. Тэдэнд сэтгэл байдаггүй юм, хүү минь!” гэж ээж нь сануулж байжээ. Дуулгавартай хүү Бернараас холбоогоо тасалсан гэх.

 

Дараагийн эмэгтэй нь түүний амьдралд 41 настайд нь гарч иржээ. Тэрээр нарийн бичгийн дарга авна гэсэн зарлал нийтлүүлсний дараа  гүнгийн ахайтан Берта Кински гарч ирэн тэдний аажуу зохицолтой хайрын явдал эхэлжээ. Дашрамд дурьдахад Кински л  Нобелийн гэрээслэлд Энх тайвны шагналыг оруулсан  гэдэг бөгөөд тэрээр 1905 онд энэ шагналыг авсан анхны эмэгтэй болжээ.

 

Тэдний харилцаа хуримд хүргэсэнгүй. Нэгэн удаа нарийн бичгийн дарга нь алга болоод харин эрдэмтний ширээн дээр зурвас түүнээс үлдсэн байлаа. “Намайг өршөөгөөрэй, ноён Нобель. Гэрлэх хүн хүлээж байгаа Вена хот руу явлаа. Надад аз жаргал хүсээрэй. Би бас танд аз жаргалыг хүсч байна. Танд үнэн сэтгэлээс үнэнч, удалгүй Берта фон Зуттер болох Берта Кински”.

 

Нобелийн амьдралын сүүлчийн эмэгтэй нь нөгөө нэг  шуналтай саальчин эмэгтэй байв. Боловсролгүй, дээр нь тэнэг үйлдэлтэй тэр эмэгтэй эрдэмтний дургүйг хүргэж эхэлжээ. “Хонгор хүү минь. Чи сайхан хүүхэн. Гэхдээ миний нерв хөдөлгөөд байх юм” гэж Альфред учиртайгаар захидалдаа бичсэн байдаг.

 

Ер нь яагаад математикийн шагнал байхгүй юм бол? Анхны шагналтан нь болох ёстой агуу тоочин Миттаг-Леффлертай Нобель харьцаа муутай байснаас болсон юм болов уу. Гэхдээ хамгийн таарч тохирох хариу бол Нобель математикийг зөвхөн онолын шинжлэх ухаан, хэрэгсэл гэж үзэж байсан нь мөн байх.

 

Шигшүүхэй хулганы виагра буюу хараалын судалгаа

 

Нобелийн  шагналыг элэглэсэн нэгэн шагнал 1991 онд бий болсныг Ig-Nobel Prize шнобель-шоглоомын нобель гэж нэрлэдэг. Уг шагналыг шинжлэх ухааны шог сэтгүүлийн редактор байсан Марк Абрахамс санаачилжээ. Жинхэнэ Нобельтон тодрох долоо хоногийн өмнө тэднийг Харвардын их сургууль зарлан тодруулдаг. Хамгийн хачирхалтай судалгаа шинжилгээ хийсэн эрдэмтдэд уг шагналыг олгох авч тэдний ихэнх ёслолд нь очдогүй байжээ.

 

Зарим жилүүдэд Шнобелийн шагналтнаар нохойны засааны протез хийсэн, кантри хөгжим амиа егүүтгэхэд ямар нөлөөтэйн судалгаа, цагийн бүсүүдийн хурдан солиход шигшүүхэй хулганад виагра хэрхэн тусалсан гэх мэтийн ажилтай эрдэмтэд тодорч байлаа. Хараах нь өвдөлтийг буулгадаг мөн сарьсан багваахайн оралийн сексийн судалгааг гаргасан эрдэмтдэд энэ шагнал бас очиж байв.

 

Орос гаралтай, Голланд эрдэмтэн Андрей Гейм мэлхийн хүндийн жинг орлох хүчийг соронзонгийн тусламжтайгаар үзүүлэх боломжтой гэсэндээ энэ элэглэлийн шагналын эзэн болж байжээ. Үүнээс 10 жилийн дараа тэрээр графен бүтээснээр жинхэнэ Нобель авсан байв. Тэр л  энэ хоёр шагналыг авсан анхдагч болсон юм.

 

“Дайн дуусаагүй байдаг, шагналыг тараасаар л”

 

“Динамитыг бүтээснийх нь төлөө би Альфред Нобелийг өршөөхөд бэлэн байна. Харин хүн төрхтэй чөтгөр л Нобелийн шагналыг бодож сэтгэсэн байлгүй” гэж Ирландын роман ба жүжгийн зохиолч Жорж Бернард Шоу  уран зохиолын шагналтан болоод хэлж байв. Тэр өөрөө элэглэснээр шагнал авсан жилдээ юу ч хэвлүүлээгүй байжээ. Үнэн хэрэгтээ хамгийн нэр хүндтэй, шагнал нь дуулиантай, зөрөлдөөнтэй үзэгдэл юм. Зөвлөлт оршин тогтнож байхдаа Нобелийн хороо нь Алексей Толстой, Максим Горький, Владимир Маяковский зэргийг анзаараагүй  ч цагаачилсных нь дараа, Зөвлөлтийн ард түмний дайсан болсных нь дараа Иван Буниныг мэдсэн гэж  шүүмжилж байлаа.

 

Гуравдугаар рейхт Нобелийн шагнал авахыг хориглосон байв. Учир нь дайны эсрэг тэмцэгч, нацистуудын эсрэг талын  Карл фон Осецкий “Германы милитаризмтай тэмцсэн” гэж 1935 оны  Нобелийн энх тайвны  шагналтан болсон байлаа. Адольф Гитлер 1937 онд немцүүд шагнал авах ёсгүй гэсэн зарлиг гаргасан байв. Тэр зарлигийн улмаас  “пронтозолын нянгийн эсрэг үйлчилгээг нээсэн Герхард Домагк, бэлгийн гормоны судалгааг хийсэн Адольф Бутенандт, каротиноид, амин дэмийн ажлынхаа төлөө  Рихард Кун нар шагнал аваагүй юм. Сонирхолтой нь  Бенито Муссолини, Адольф Гитлер хоёр 1935 ба 1939 онуудын Энх тайвны  Нобельд нэр нь дэвшиж байжээ.

 

Энэ шагналаас татгалзаж байсан  цөөнгүй тохиолдлууд байдаг. Тухайлбал, улс төрийн зүтгэлтэн Фан Динь Кхай “Вьетнамын сөргөлдөөнийг зохицуулсан” гэсэн шагналаас 1973 онд татгалзсан юм. Өөрийн гүн ухааны зарчимтай зөрөлдөнө гээд Францын гүн ухаантан, зохиолч Жан-Поль Сартр шагналтан болоогүй аж.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна