Амиа алдсан эмэгтэйн шинжилгээний хариу гараагүй

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Амиа алдсан эмэгтэйн шинжилгээний хариу гараагүй

Өнгөрсөн сард Нийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газарт амаржихаар очсон 27 настай эх, тээж байсан хүүхдийнхээ хамт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн энэ хэргийг эмч нарын хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй хэмээн үзэж Шүүх шинжилгээний хүрээлэнд задлан шинжлүүлэхээр болсон юм. Задлан шинжилгээний хариу гараагүй байгаа талаар Шүүх шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Эх нярай эндсэн асуудал үүссэний дараа Монгол Улсын Шадар сайд ажлын хэсэг байгуулж “Өргөө” амаржих газрын тусламж, үйлчилгээний нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийсэн юм. Дүгнэлтээр эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм, хэмжээ, эмнэл зүйн удирдамж, заавар, стандарт, дотоод журмын хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авах шаардлагатай гэж гарсан юм.

Тэгвэл сүүлийн жилүүдэд эмч, эмнэлгийн ажилтнуудтай холбоотойгоор задлан шинжилгээ хийлгэх иргэдийн хүсэлт нэмэгдэх хандлагатай байгаа талаар Шүүх шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна. Ялангуяа эх нярайн эндэгдлийн шалтгааныг тодруулахаар Шүүх шинжилгээний хүрээлэнд иргэд хандах болжээ. Гол нь сүүлийн жилүүдэд иргэдийн мэдлэг, мэдээлэл дээшилж, хаана хэрхэн хандахаа мэддэг болсонтой холбоотойгоор задлан шинжилгээний хүсэлт нэмэгдсэн байхыг ч үгүйсгэхгүй гэдгийг хэллээ.

БЭЛТГЭСЭН: Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ Н.БАТМӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж