Ц.Элбэгдорж: Хөдөлмөр эрхлэлт нь гол асуудлуудын нэг мөн

2015 оны 12 сарын 11

Ц.Элбэгдорж: Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа нь улс орны нийгэм, эдийн засгийн хамгийн гол асуудлуудын нэг мөн

“Хөдөлмөр - хөгжлийн үндэс” сэдэвт хөдөлмөрийн үндэсний чуулган өнөөдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болж байна.

Уг чуулганд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ илгээв. Мэндчилгээг Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд уншиж сонордууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд “Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Хүндэт хатагтай, ноёд оо,

Саяхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний чуулганаар 2030 он хүртэлх дэлхийн тогтвортой хөгжлийг хангах хөтөлбөрийг хэлэлцэж баталсан энэ цаг үед болж буй Монгол Улсын хөдөлмөрийн үндэсний чуулганы оролцогч Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудал нь аливаа улс орны нийгэм, эдийн засгийн хамгийн гол асуудлуудын нэг мөн. 

Улс орны эдийн засагт зарим нэг хүндрэл, бэрхшээл тулгарсан өнөө үед хөдөлмөрийн салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, иргэдийн идэвх санаачилгыг дэмжих замаар байнгын хөдөлмөр эрхлэлтийн нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог төлөвшүүлэх, хүний нөөц, ажиллах хүчний хэрэгцээ, түүнийг хангах арга замын талаарх төрийн бодлого боловсруулах, нийгмийн түншлэлийн талуудын оролцоог шинээр тодорхойлох асуудалд анхаарлаа хандуулах нь тус чуулганы өмнө тавигдаж буй чухал зорилт гэж үзэж байна.

Бодит байдал дээр ажилгүйдлийн хэмжээ дорвитой буурахгүй байгаа, нөгөө талаас томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байгаад чуулганд оролцогчид дүгнэлт хийж, үндэсний мэргэжилтэй ажиллах хүчний мэргэшлийн ур чадварыг сайжруулах асуудлыг шийдвэрлэх арга замыг Та бүхэн тодорхойлох учиртай.

Хөдөлмөр эрхлэлт гэдгийг иргэн хүн эзэмшсэн мэргэжлээрээ ажил хийж, сайн орлоготой байх, бизнес эрхлэгч, ажил олгогч нь мэргэшилтэй ажилтнаар хангагдаж тэдэнд сайн цалин хөлс төлж байх, энэ хоёрын хоорондын харилцааг төр, засаг зөв бодлого, эрх зүйн орчноор ухаалаг зохицуулдаг байх тухай асуудал юм.  Энэхүү харилцаан дахь  иргэн хүний эрх ашгийг ажилтны төлөөллийн байгууллага буюу үйлдвэрчний эвлэл, бизнес эрхлэгчийн эрх ашгийг ажил олгогчийн төлөөллийн байгууллага, харин төр засгийг тухайн асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллага төлөөлөн ажилладаг нийгмийн түншлэлийн олон улсын жишиг манай улсад төлөвшиж байна. Үндэсний нийгмийн түншлэгч талууд эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч итгэлтэй байна.

Цаашдаа хөдөлмөрийн хүрээний асуудлыг зөвхөн нийгмийн түншлэлийн зарчмаар шийдвэрлэж байх, оролцогч талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг илүү тодорхой болгох чиглэлээр хууль эрх зүйн орчинг өөрчлөн шинэчлэх асуудлаар чуулганы үеэр байр сууриа нэгтгэх шаардлагатай гэж үзэж байна.

Хөдөлмөрийн насны бүх иргэдийн ажил эрхлэлтийн байдлыг хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн системээр удирдан зохицуулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх цогц арга хэмжээг салбарын яамд, сонирхогч талуудын оролцоотой хэрэгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар султай ажлын туршлагагүй залуус, ахимаг насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын тодорхой бүлгийн хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог төлөвшүүлэх, ажиллагчдын эрүүл, аюулгүй ажлын байранд бүтээмжтэй, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг нь хангах, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих явдалтай тууштай тэмцэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай байгаад Та бүхэн анхаарлаа хандуулаарай.

Хөдөлмөрийн үндэсний чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна