Д.Наранчимэг: Цэцийн шийдвэр эцсийнх

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Д.Наранчимэг: Цэцийн шийдвэр эцсийнх

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар гаргасан Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн дүгнэлтийн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Үндсэн хуулийн цэц гаргасан шийдвэрийнхээ талаар тайлбар хийдэггүй. Гэвч Иргэний хуулийн 171.2, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан шийдвэрлэсэн асуудалтай холбоотойгоор сүүлийн 2-3 өдрийн дотор ташаа мэдээлэл цацагдах болсон учраас тайлбар хийхээс аргагүй болж байна. Дээр нь Цэцийн гишүүдийн гар утас руу заналхийлсэн мессеж ирүүлж байгаа нь Цэцийн гишүүний хараат бус халдашгүй байдалд нь халдсан явдал болж байна” гэдгийг хэллээ.

Мөн тэрээр Иргэний хуулийн болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд иргэн А.Базар хандсан.

Энэ мэдээллээр Цэц дунд суудлын хуралдаан хийж, их суудлын хуралдаанаар эцэслэсэн шийдвэрлэсэн. Ингэхдээ банкны ямар нэгэн хүүтэй холбоотой асуудлыг энд авч хэлэлцээгүй. Банк хэдэн хувийн хүүтэй, ямар зээлээ, хэнд олгох вэ гэдэг нь Үндсэн хуулийн маргааны асуудал биш. Цэцийн шийдвэр нь 8 хувийн зээлтэй огт холбоогүй.

Барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь  барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсныг хүчингүй болгосон” гэлээ.


Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Монголын банкны холбооны ерөнхийлөгч УИХ-аас тодорхой шийдвэр гарахыг хүлээж байна гэсэн утгатай тайлбар хийсэн байна лээ. Энэ тохиолдолд шинээр хууль гаргах юм уу яах юм бол?

-УИХ юу хийхийг би хэлж мэдэхгүй. Монгол төрийг өнөөдөр Монголбанк, Монголын банкны холбоо удирдаад байна уу, би ойлгохгүй байна. Төрийн эрх барих дээд байгууллага Засгийн газар нь байдаг бол өөрийн эрх хэмжээний асуудлаа шийдээд явах ёстой. Гэхдээ эрх хэмжээний асуудлаа шийдэхдээ гагцхүү Үндсэн хуулинд захирагдаж шийдээсэй. Өнөөдөр ямар нэгэн банк, банкуудын холбоо зөвлөмж гаргаад түүнийгээ Үндсэн хуулийн цэцэд хаяглаад ирүүлж  байна.

Аль цагт, тусгаар тогтносон улсын шүүхийн шийдвэрт банкныхан зөвлөмж бичээд сууж байдаг юм бэ?. Би гайхаад байна. Монголд төр байна уу. Бид Үндсэн хуулиа хамгаалж иргэдийнхээ эрхийг хамгаалахгүй юм бол энд суугаад яах юм. Бид ингэж л иргэдийнхээ эрхийг хамгаалахын тулд сууж байгаа. Бидний гаргасан шүүхийн эцсийн шийдвэрийг зөвлөмж гэдэг юм гаргаад, шийдвэрээ эргэж хар гэдэг төрийн байгууллага байх ёстой юу.

Төрийн байгууллага шүүхийн шийдвэрийг үг дуугүй биелүүлдэг байх ёстой. УИХ нь ч байна уу, Засгийн газар нь байна уу. Тэгэх тусмаа Монголбанк, Монголын банкны холбоо удаа дараа Үндсэн хуулийн цэцэд шинжээч томилуулъя албан тоот ирүүлсэн. Маргааны этгээд тэд биш шүү дээ. Нэг талаас УИХ баталсан хуулиа хамгаалж, нөгөө талаас иргэн хүн хүний эрхийг зөрчөөд байна гээд гомдол гаргасан. Энэ хоёр маргалдаж байхад гэнэтхэн Банкуудын холбоо шинжээч томилъё гэж байна. Шүүх шинжээч томилдог байтал, Банкуудын холбоо шинжээч томилох юм байна л даа, одоо бол. Хууль байна уу, энэ улсад.

-Цэц шийдвэрээ эргэж харж болохгүй юу?

-Цэц эцсийн шийдвэрээ гаргасан.

-Одоо нэгэнт найман хувийн зээл зогссон гэдгийг банкуудын холбооноос мэдээлчихлээ. Тэгэхээр үүнд хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ?

Банкууд зээл олгох уу үгүй юу гэдэг Үндсэн хуулийн Цэцийн асуудал биш. УИХ Үндсэн хуульдаа нийцүүлсэн шийдвэр гаргаж байж л энэ асуудал шийдэгдэх ёстой. Найман хувийн зээл бол Засгийн газрын бодлогын асуудал. Бид бол иргэдийн суурь эрхийг хамгаалсан шийдвэрийг гаргах л үүрэгтэй. Бид хууль тогтоогч биш. Хууль тогтоогчийн гаргасан алдаа завхралыг засч байгаа юм. Буруу гаргасан заалтуудыг хүчингүй болгож байгаа юм. Энд хариуцлагын асуудлыг Үндсэн хуулийн Цэц хүлээхгүй. Шийдвэрээ гаргасан. Банкуудад ямар хохирол үүсээд байгаа вэ гэсэн тооцоо судалгаа байхгүй.

-Өмчлөгч үл хөдлөх хөрөнгөө худалдах, барьцаалах эрхтэй болчихоор банк юунд итгэж, юунд тулгуурлаж зээл олгох вэ. Энэ эрх зүйн орчинг нь Цэцийн шийдвэр байхгүй устгачилаа шүү дээ?

Цэц эцсийн шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэр өөрчлөгдөхгүй. Эргэж харах боломжгүй. Хөрөнгөө шилжүүлснээр банкуудад эрсдэл гарна гэж байхгүй. Хөдлөх хөрөнгийн хувьд бол өөр. Үл хөдлөх хөрөнгийн тухайд бол өөр этгээдэд байшингаа худалдаа гэхэд байшин нь байгаа цагт банкинд эрсдэл учрахгүй. Банкны үүрэг хүнд нь үүсдэг биш үл хөдлөх хөрөнгөө дагадаг юм. Газрын тухайд ч адилхан. Газар нь байгаа цагт банкинд эрсдэл үүсэхгүй.

-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Цэцийн гишүүд дунд эдийн засгийн мэдлэгтэй хүн алга. Эдийн засгийн эксперт томилох ёстой юм уу” гэж чуулганы хуралдааны үеэр хэлж байсан. Та бүхэнд эдийн засгийн тодорхой мэдлэг байна уу?

-УИХ-ын гишүүд юу ч гэж хэлдэг шүү дээ. Цэцийн гишүүдийг мэдлэг, боловсролгүй гэж бодохгүй байна. Олон жилийн туршлагатай, гадаадын их дээд сургуулиуд төгссөн,доктор профессорууд бий. Эдийн засгийн шинжээчид ч байна. Бид харанхуйгаар шийдвэр гаргадаггүй, холбогдох бүхий л онолын материалуудыг уншиж судлаж байж шийдвэрээ гаргадаг. Нэг хүн шийдвэр гаргадаггүй, Цэцийн бүх гишүүд оролцож шийдвэрээ гаргадаг.

-Банкуудад өөрийн гэсэн шалгуур гэж бий. Тэр шалгуурт тэнцэж, хүлээн зөвшөөрсөн учраас гэрээ байгуулж зээл авч, өгөлцсөн байгаа. Тухайн иргэн байраа худалдаж борлуулах, түрээслүүлэхгүйгээр зээлээ төлөөд явж чадна гэж гэрээ байгуулсан мөртлөө одоо би мөнгөгүй болчихлоо байраа түрээслэе гэх нь хэр зөв юм бэ. Та бүхний гаргасан шийдвэрээр тийм харилцаа үүсчихлээ шүү дээ?

Хэнд худалдсан байхаасаа хамаараад тэр хүн нь зээлийн үүргийг хүлээхгүй. Банктай байгуулсан гэрээний үүргээ тухайн иргэн нь өөрөө л хүлээнэ. Гол нь байшин, байр, газар нь байгаа л бол банкинд ямар нэг эрсдэлгүй л гэж үзэх хэрэгтэй. 

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж