Алсарсаар байгаа АН-ын ялалт

2015 оны 12 сарын 12

Сүр дуулиантайгаар "гэрлэлтээ цуцлуулж" байсан МАН, МАХН буцаад сүй тавих яриа улс төрийн сонирхолтой хийгээд шинэ мэдээ байхаа больжээ.

“МАН МАХН-тай нэгдвэл намаасаа” гарна гэж томорч явсан Ц.Нямдорж хүртэл эвсч, нийлэх асуудал дээр их аядуухан хандаж байгаагаа хэвлэлээр илэрхийлсэн нь “Асуудлууд дээрээ нааштай ойлголцож чадвал байдаг л хувилбар” гэх үг.

Н.Энхбаярын хамгийн том дайсан Ц.Нямдоржийн байр суурь ийнхүү өөрчлөгдсөн нь гомдогсод, хийгээд гологдогсодтойгоо МАН нэгдэхээр нэгэнтээ шийдэлд хүрснийг баталж буй юм. Ингээд бүх юм аксиом байдаггүйг нотолж, том урсгал жижгийгээ дагуулдаггүй, шалбааг ч цаг дээрээ томыгоо дагуулдаг болохыг МАХН харууллаа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Ч.Сайханбилэгийн засагт өвөлжөөгөө засахаар болсон нь намд нь Г.Шийлэгдамбын оронд Эрүүл мэнд, спортын сайд болчих хүн олдоогүйдээ юм биш. Н.Энхбаяр ирэх 2016 оны сонгуулийг Төрийн ордноос хүссэнээрээ удирдахыг бодсон хэрэг шүү дээ.

Н.Энхбаяртай улс төрийн аюултай харилцаа үүсгэснээрээ ирэх 2016 онд АН-д ялагдал, МАН-д ялалт авчрах магадлал улам бүр өндөрсөв.

Угаасаа дотоод хэрүүлээ улсаараа нэг тарааж, Ардчиллынхаа ордонд багтаж шингэхээ байсан Ардчилсан нам 2016 оны сонгуульд олонх болох нь бүү хэл одоогийн байгаа олон кнопоо хадгалж үлдэхэд төвөгтэй нөхцөл байдал улс төрийн өрөг дээр бий болжээ.

Эрдэс тойрсон лидерүүдийнх нь ил цагаан зодоон энэ намын нэр хүндийг шавартай хутгаад зогсоогүй, хэрэв Н.Энхбаярыг сонгуулийн тоглолтоо төрийн ордноос удирдах боломжийг олговол тэд дахин гудамжид лааз өшиглөхөд хүрнэ гэсэн үг.

Н.Энхбаяр бол шорон дотроос улс төр хийгээд “Шударга ёс” эвсэл гэх УИХ дахь бүхэл бүтэн бүлгийг байгуулчихсан хүн шүү дээ. Тиймээс түүнтэй гар барьж, саймширч байгаад далаараа нам тавиулав даа гэж АН-ынханд анхааруулъя.

Арван зургаан оны сонгууль биднийх гэж З.Энхболд зурагтаар яриад эсвэл Л.Эрхэмбаяр иргэддээ гавъяагаа санууллаа гээд энэ нь Ардчилсан намд ялалт авчирч чадахгүй.

Хэрэв МАН, МАХН гэх эвсэл ирэх 2016 оны сонгуульд ялбал Зүүний хүчний холбоо гүйцэтгэх засаглалаа авахаар тохирчээ. Энэ тохиролцоо ёсоор У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох гэнэ. Мэдээж, МАН-ыг ялалтад хүргээд өөрөө хоосон хоцрох хүн МАХН-ын дарга биш. Түүнд спикерийн суудлыг өгөхөөр МАН-ынхан аль хэзээний амлачихсан бололтой.

Н.Энхбаяртай гар барьсан ч, ИЗНН-тай сүй тавихыг хүссэн АН-ынхан “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэгчээр ам руугаа алгадуулаад өнгөрсөн. Иргэний зориг ногоон намын зүгээс АН-тай нэгдэх талаар албан ёсны яриа хэлцэл хийгээгүй. Тэгээд ч ИЗНН Ардчилсан намтай нэгдэхгүй гэж  гурван даргынх нэг Ц.Ганхуяг хэлснээс харахад  тус нам АН-тай дэр нэгтгэхийг тийм ч их хүсэмжлэхгүй байгаа мэт. Эсвэл “Намайг жаахан гуйгаад өгөөч” гэсэн маяг байхыг хэн мэдлээ.

Гэхдээ АН-ынхан ИЗНН-тэй нэгдээд Н.Энхбаяртай гар барьсан МАН-ыг дийлэх нь юу л бол. АН-ын хувьд ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд нам, намтай сээтэгнэж, бишгүйдээ л намба алдлаа. Гуйж орчихоод хаяж гардаг, урьж оруулчихаад хөөж гаргадаг тэдэнтэй сонгуульд эвсч нэгдэхээс намууд ямар ч гэсэн болгоомжилж байна.

Улаануудын хуримын зар Тусгаар тогтнолын ордноос түгж, баярын бялууны хуваарилалт ч тараагдаад дууссан гэх.

Хэрэв МАН, МАХН гэх эвсэл ирэх 2016 оны сонгуульд ялбал Зүүний хүчний холбоо гүйцэтгэх засаглалаа авахаар тохирчээ. Энэ тохиролцоо ёсоор У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох гэнэ. Мэдээж, МАН-ыг ялалтад хүргээд өөрөө хоосон хоцрох хүн МАХН-ын дарга яавч биш. Түүнд спикерийн суудлыг өгөхөөр МАН-ынхан аль хэзээний ам тангарагаа өгчихсөн бололтой.

АН-ынхан шиг ил цагаандаа гарч алалцаад байдаггүй, хагарсан толгойгоо малгай дотроо нуугаад өнгөрдөг болохоос алаагүй баавгайн арьсан дээр МАН-ынхан ч бас зодолдож байгаа нь мэдээж. Хэдийгээр хөлгийн залуур дээр суух ахмадаа тохиролцоогүй ч М.Энхболд намынхаа “адмирал” хэвээр байх нь тодорхой. Өнгөрсөн сонгуулийн өмнө нэрээ сольж ялагдал амссан МАН-ынхан гашуун туршлагаасаа харсан нь ч тэр, удирдлага, бүтцээ өөрчилж ямар нэгэн эрсдэлд орохгүй л болов уу. Ийм ч тохиролцоо тэнд аль хэдийн хийгдэж, М.Энхболд 2017 онд Ерөнхийлөгчийн албан тушаалд намаасаа ногоон гэрлээр өрсөлдөхөөр болж байгаа гэх. Гэхдээ С.Баярын улс төрийн цаг дуусаагүй, "баас хатавч өмхийгөө тавихгүй" гэдгийг МАН-ынхан МАХН-тай нэг хөнжилд орохоосоо өмнө бодолцсон байлгүй.

Энэ мэтээр алаагүй баавгайн арьсаа зодоон, шуугиангүйгээр хуваачихсан улаануудын хувьд арван зургаан оны сонгуульд эвсэх нь улс төрийн стратеги, сонгуулийн тактик талаасаа ашигтай хувилбар. Харин өнгөрсөн гурван жил өмд, гутлаа тайлаад зодолдсон АН-ын “шалдан” нэр хүнд Н.Энхбаяртай гар барилаа гээд өсөхгүй нь мэдээж. Харин ч Ч.Сайханбилэг, З.Энхболдын яг дэргэдээс Н.Энхбаяр цэргээ удирдаж, сэлмээ эргүүлээд сонгуульд орох юм бол АН дуусаа. Н.Энхбаярын ард М.Энхболдоор удирдуулсан МАН гэх том хүчин байгаа шүү дээ. Иймээс Ардчилсан намын ялалт тэднээс улам бүр алсарсаар байна гэж хэлж болно.

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна