Хот иргэдээ сонсч эхэллээ

2015 оны 12 сарын 12

Улаанбаатар метро, Туул усан сан цогцолбор, Туулын хурдны зам, Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк, Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк, Эко парк байгуулах. Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт, Угсармал орон сууцын барилгын дулааны алдагдлыг бууруулахаар хотын удирдлагууд төлөвлөөд байгаа Мөн“Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах, “Монгол наадам “цогцолбор, Экологийн коридор байгуулах, Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах, Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах зэрэг 14 төсөл хөтөлбөрийн алийг нь эхэлж хэрэгжүүлэх вэ гэдгийг хотын иргэдийн саналаар шийдэх гэж байна. Төрийн ордноо хоёр өдөр үргэлжлэх Зөвлөлдөх санал асуулгад хотын сая гаруй иргэдээс түүвэрлэн сонгосон салбар салбарын 400 иргэн оролцож, дээрх бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөртэй танилцаж, аль нь чухам одоогийн Улаанбаатарт нэн шаардлагатай байгааг хэлэлцэн шийдвэрлэж, эрэмбэлэх юм. Дараа нь нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар иргэдийн санал тусгагдсан төслүүдийг хэлэлцүүлэн ирэх жилүүдийн хотын нийгэм эдийн засгийн зорилтод тусгахаар төлөвлөжээ.

Үндсэн хуульд орон нутгийн хурлыг иргэдийн хурал гэж нэрлэнэ. Харин орон нутгийн эрх мэдлийг зохицуулахдаа улс төрийн намаас хамаарахгүй. Улсын их хуралд иргэдийн төлөөллийг бүрдүүлэхдээ улс төрийн намууд оролцоно гэж заасан байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд улс орон, орон нутгийн бүтээн байгуулалт, татвар төлөгчдийн хөрөнгийн зарцуулалтыг эрх мэдэлтэй дарга нар, намууд шийддэг болсон. Иргэдийн саналыг авахдаа тухайн асуудлын талаарх мэдээллийг тэдэнд өгдөггүй. Энэ нь бодитой иргэдийн шийдвэр байж чаддаггүй гэж Э.Бат-Үүл дарга тайлбарлалаа. Иймээс цаашдаа хот хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтынхаа ажилд шаардагдах хөрөнгө, хэрэгцээ, зураг төсөл, газрын байршлыг хүртэл иргэдэд мэдээлж, тэднээр тодорхойлуулдаг болох юм байна.

Улс орны хөгжлийг иргэдээрээ тодорхойлуулах “Зөвлөлдөх санал асуулга” дэлхийн 22 оронд хэрэгжжээ. Тухайн улс, хотын онцлогоос хамаараад санал асуулгын үр дүнгээ өгөх хугацаа янз бүр байсан гэдгийг Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчилал хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин тайлбарлалаа. Хамгийн гол нь иргэдийн санал, байр суурийг бодитой тусгах шаардлагатай. Ингэхийн тулд санал асуулгад ажиглагчаар оролцож, хөндлөнгийн хяналт тавих зөвлөх хороог ч байгуулжээ. Зөвлөх хорооны гишүүдээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Хамба лам Д.Чойжамц, Нийтлэлч Б.Батбаяр нарын 11 хүн сонгогдожээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна