Уран ашиглавал тусгай төлбөр авна

2015 оны 12 сарын 12

2009 онд Монгол Улс Цөмийн энергийн тухай хуулийг баталж, энэ асуудлыг эрхэлсэн тусгай агентлагийг байгуулж байсан юм. Гэвч, өнгөрсөн жил Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсны дараа Цөмийн энергийн газрыг татан буулгаж, цөмийн комисс болгосон. Тухай үедээ МАН-ынхан цөмийн салбарыг атгах гэж Ч.Сайханбилэгээр ийм шийдвэр гаргуулсан хэмээн зарим улстөрч хардаж байсан билээ. Тэгвэл Монгол Улс уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал, “Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулан аравдугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Уг хуулийн төслийн үндсэн зорилго нь цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг цацраг идэвхт ашигт малтмалын орд ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зах зээлээс хамаарсан харилцааг зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгоход оршиж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар цацраг идэвхт ашигт малтмал нь нөөц ашигласны тусгай төлбөртэй болж, цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч нөөц ашигласны нэмэгдэл төлбөр авах боломж бүрдэнэ. Ингэснээр төр болон цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хоорондын эрх зүйн харилцаа тодорхой болж, ирээдүйд үүсч болох эрсдэлийг бууруулах, татварын эх үүсвэрийг нэмэгдүүлэх нөхцөл бий болно гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын ураны нөөц 43.9 мянган тонноор хэмжигддэг. Гэхдээ энэ нь өнөөдрийн хувьд илэрсэн нөөц юм байна. Өнгөрсөн жил Монголын ураны салбарт хайгуулын лиценз эзэмшдэг байсан “Арева Монгол”-ын охин компани “Кожеговь”-д Монголын Засгийн газраас ашиглалтын лиценз олгосон байгаа. Ингэснээр 2017 оноос Монголоос уран экспортод гаргах боломжтой болж байгааг албаны хүмүүс хэлж буй.

Харин Дорнодын бүлэг ордын ураны хамгийн их нөөцтэй гэхДорнодын ураны асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Тус газарт үйл ажиллагаа явуулж байсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн лицензийг 2009 оны долдугаар сарын 10-нд цуцалсан бөгөөд олон улсын арбитрын шүүхийн дагуу Монгол Улс 100 сая долларын өрөнд уначихаад байгаа билээ.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна