Нээлттэй тэмцээнд П.Орхон түрүүлжээ

2015 оны 12 сарын 12

ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын “Чебоксары Арена” спортын ордонд Чуваш улсын Тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит чөлөөт бөхийн нээлттэй “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн болж өндөрлөлөө.

Энэхүү нээлтэй тэмцээнд манай улсаас найман бөх хүч үзсэнээс долоо нь медалийн төлөө өрсөлдөж, тав нь медалийн эзэн болов.

58 кг-д ОУХМ П.Орхон алтан медаль хүртэж, 53 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг нар мөнгө, 58 кг-д ОУХМ А.Батцэцэг, Б.Шоовдор нар хүрэл медалийн эзнээр тодорсон юм. Мөн багийн дүнгээр Монгол Улсын баг тамирчид хоёрдугаар байрт шалгарлаа.

48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ц.Намуунцэцэг /“Хасу-Мегастарс” клуб/ нэгдүгээр тойрогт Челябинск хотын бөх Эльвира Гизатулинаг 10:0 онооны харьцаагаар ялж дараа нь оросын бөх Милана Дадашеваг цэвэр хожиж хагас шигшээ барилдаанд оросын бөх Валерия Чепсараковад 4:4 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө оросын бөх Валентина Исламоватай барилдаж ялагджээ.

53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, ДАШТ-ний мөнгөн медальт Д.Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб/ нэгдүгээр тойрогт Кемерово мужийн бөх Алёна Кууларыг 2:1 онооны харьцаагаар хожиж дараа нь оросын бөх Ольга Хорошевцеваг цэвэр дарж хагас шигшээ барилдаанд азербайжаны бөх Лейла Гурбановаг 3:2 онооны харьцаагаар өвдөг шороодуулж алтан медалийн төлөө оросын бөх Любовь Сальниковатай өрсөлдөж 2:6 онооны харьцаагаар дийлджээ.

Энэ жинд олон улсын хэмжээний мастер, ДАШТ-ний мөнгөн медальт Э.Сумьяа /”Хилчин” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Краснодарь хязгаарын бөх Екатерина Полещукийг 10:0, дараа нь оросын бөх Мария Якубовичийг 8:5 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд оросын бөх Любовь Сальниковад 18:24 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө оросын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Мария Гуроватай барилдаж ялагджээ.

58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг /“Хасу-Мегаватт” клуб/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт оросын бөх Кристина Елоеваг 4:0 онооны харьцаагаар ялж дараа нь П.Орхонд 3:11 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд оросын бөх Вероника Кордюковаг 10:0 онооны харьцаагаар өвдөг сөхрүүлж хүрэл медалийн төлөө оросын бөх Мария Люльковаг ялж тус тэмцээний хошой хүрэл медальт бөх болжээ. .

Олон улсын хэмжээний мастер П.Орхон /“Алдар” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт оросын бөх Ирина Кордюковаг 4:0, дараа нь А.Батцэцэгийг 11:3 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд оросын бөх Мария Люльковаг цэвэр ялж алтан медалийн төлөө оросын бөх, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт, европийн 5 удаагийн аварга Наталья Гольцтой барилдаж 6:1 онооны харьцаагаар дийлжээ.

Олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Эрхүү мужийн бөх Дарья Богдановаг цэвэр ялж хагас шигшээ барилдаанд оросын бөх Наталья Гольцтой барилдаж торгуулийн оноогоор ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд оросын бөх Светлана Липатоваг хожжээ.

63 кг-ын жинд Гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг /63 кг, ”Хилчин” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт оросын бөх Анжела Фоменко, хагас шигшээ барилдаанд Ирина Ёремина нарыг дараалан цэвэр ялж шувтаргын барилдаанд оросын бөх Инна Тражуковатай барилдаж 10:10 онооны харьцаагаар хожигджээ.

Манай баг багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлжээ.

48 кг:

1. Кларисса Чун /АНУ, олимпийн хүрэл медаль, дэлхийн аварга/

2. Валерия Чепсаракова /ОХУ, европийн аварга/

3. Анжела Ветошкина /ОХУ, Санкт-Петербург хот/

3. Валентина Исламова /ОХУ, Санкт-Петербург хот/

53 кг:

1. Любовь Сальникова /ОХУ/

2. Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ний мөнгөн медальт/

3. Мария Гурова /ОХУ, Москва муж, ДАШТ-ний хүрэл медальт/

3. Жулдыз Эшимова /Казахстан/

55 кг:

1. Аиым Абдильдина /Казахстан/

2. Александра Андреева /ОХУ/

3. Юлия Алборова /ОХУ, Москва хот/

3. Нина Менкенова /Буриад улс/

58 кг:

1. Пүрэвдоржийн Орхон /“Алдар” спорт хороо/

2. Наталья Гольц /ОХУ, ДАШТ-ний хошой хүрэл, мөнгөн медальт, европийн 5 удаагийн аварга/

3. Алтанцэцэгийн Батцэцэг /“Хасу-Мегастарс” клуб, дэлхийн залуучуудын аварга/

3. Баатаржавын Шоовдор /”Ганьт” клуб/

60 кг:

1. Жаргалма Цыренова /ОХУ, Москва хот, Европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

2. Любовь Овчарова /ОХУ, дэлхийн залуучуудын хошой аварга/

3. Татьяна Омельченко /Азербайжан/

3. Алли Рэган /АНУ/

63 кг:

1. Инна Тражукова /ОХУ/

2. Соронзонболдын Батцэцэг /“Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга/

3. Анжела Фоменко /ОХУ, Москва хот/

3. Дарийма Санжеева (/ХУ, Буриад улс/

69 кг:

1. Наталья Воробьева /ОХУ, Санкт-Петербург хот, олимпийн болон дэлхийн аварга/

2. Ксения Буракова /ОХУ, Красноярскийн хязгаар/

3. Юлия Максимова /OХУ, Красноярскийн хязгаар/

3. Анастасия Братчикова (/ХУ, Пермсийн хязгаар/

75 кг:

1. Алёна Стародубцева /ОХУ/

2. Алена Перепелкина /ОХУ, европийн аварга/

3. Анжела Катаева /OХУ, Санкт-Петербург хот/

3. Екатерина Букина /ОХУ, Москва хот, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/

ЭХ СУРВАЛЖ: http://wrestling.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна