“МАН хариуцлагатай шийдвэр гаргана”

2015 оны 12 сарын 12

МАН-ын III Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай болж байна. Бага хурлаар ямар асуудлууд хэлэлцэж буй талаар Улсын их хурлын гишүүн Ж.Энхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.

-Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдал, МАХН-тай нэгдэх асуудлыг энэ хурлаар МАН хөндөж байна гэсэн мэдээлэл байна?

-Мэдээж, УИХ-д сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа намын хувьд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өглөө. Намын дарга улс төрийн илтгэл тавилаа. Илтгэлтэй холбоотой санал, шүүмжлэл арай эхлээгүй байна. Мөн намынхаа дотоод асуудлыг нэлээн ярилаа. Ялангуяа удахгүй болох УИХ болон орон нутгийн шат, шатны сонгуульд хэрхэн оролцох вэ, нэр дэвшигчээ хэрхэн тодруулах вэ зэрэг асуудлыг хөндөн ярилцаж байна. МАХН-тай нэгдэх асуудал хурлын хэлэлцэх асуудалд албан ёсоор ороогүй. Харин намын бага хурлын гишүүн олон талын саналыг гаргаж байна.

-Эдийн засгийн уналтаас гарах арга замыг тодорхойлно гэсэн үг үү?

-Улс, орны эдийн засгийн өнөөгийн уналтыг Ардчилсан нам хариуцах нь тодорхой. Удахгүй АН-ын үйл ажиллагаатай холбоотой мэдэгдэл, улс төрийн гаргаж буй шийдвэрүүдийг тус хурлынхаа дараа хэвлэлийн хурал зарлаж, ард түмэндээ хүргэнэ.

-Ирэх жилийн сонгуульд нэр дэвшигчдийг мөн хэлэлцэнэ гэсэн. Одоо нэр дэвшигч нар намынхаа анхан шатны байгууллагуудаар дамжуулан нэр дэвшүүлнэ гэсэн. Та энэ дээр ямар байр суурьтай байна.

Мэдээж МАН бол ард түмний нам. Тийм болохоор орон нутагт, тухайн тойрогт ард түмэнд хүндлэгдсэн хүнийг л гаргаж ирнэ. Үүнээс биш даргын хүрээнд харьяалагдсан, хэсэг цөөн бүлгийн эрх ашгийг төлөөлсөн нөхдийг гаргахгүй. Хариуцлагатайгаар анхан шатны үүрүүдэд дээр иргэдээс судалгаа авч, энэ дээр үндэслэн улс төрийн хариуцлагатай шийдвэр гаргана. Ингэхийн тулд УИХ болон орон нутгийн сонгуульд хэрхэн сонгон шалгаруулах вэ, анхан шатны хороод болон намын гишүүд ямар үүрэг хүлээж ажиллах вэ зэрэг журмаа одоо хэлэлцэж байна. Хурал хаалттай явагдаж буй учир өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв. Албан бус эх сурвалжийн хэлснээр МАН-ынхан энэхүү Бага хурлаараа Удирдах зөвлөлийн гишүүдийнхээ тоог нэмж, зарим Бага хурлын гишүүдийн эзгүй орон тоонд дээр хүн нөхөж оруулах бололтой.

Д.УЛАМБАЯР

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна