“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо

2015 оны 12 сарын 13

Монголын хөлбөмбөгийн холбооны 2015 оны шилдгийн шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээ өчигдөр(XII.12) “Шангри Ла” зочид буудлын хүндэтгэлийн танхимд боллоо. Энэхүү шагналын гол зорилго бол МХБХ-ны 2015 оны үйл ажиллагааг олон нийтэд таниулах, амжилт гаргасан гишүүн, байгууллага, тамирчдын ажлыг дүгнэж алдаршуулахад оршиж байсан юм.

“Алтан бөмбөг” шагналд нэр дэвшиж буй тоглогчдын нэрсийг МХБХ-ны техникийн хэлтсээс гаргасан бөгөөд тухайн жилийн турш оролцсон тэмцээний статистик дүнг харгалзан дэвшүүлжээ.

“АЛТАН БӨМБӨГ-2015” шагналд:

  • Оны шилдэг дасгалжуулагч
  • Оны шилдэг эрэгтэй тоглогч
  • Оны шилдэг эмэгтэй тоглогч
  • Оны шилдэг шүүгч
  • Оны шилдэг гоол
  • 2015 оны бэлгэдлийн 11 тоглогчид тус тус тодорлоо.

Эдгээр номинацид нэр дэвшиж буй тамирчдад "Хүрхрээ" үндэсний дээд лигийн есөн клубын ахлах дасгалжуулагч, багийн ахлагч, "Хүрхрээ" үндэсний нэгдүгээр лигийн 10 клубын ахлах дасгалжуулагч, багийн ахлагч мөн Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, Монголын хөлбөмбөгийн тухай нийтлэл, нэвтрүүлэг бичдэг 14 сэтгүүлч нийт 52 хүний саналаар "Алтан бөмбөг"-ийн эзнийг тодруулсан байна.

Ингээд шилдгүүдийг танилцуулахаас өмнө Монголын хөлбөмбөгийн түүхэн замналаас хүргэж байна.

 

2015 ОНД ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ ГУРВАН ТОМ ТЭМЦЭЭНИЙГ ЭХ ОРОНДОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсад хамгийн анх 1930 онд ЗХУ болон Герман зэрэг оронд суралцаж байсан залуучууд хөлбөмбөг тоглож эх орондоо дэлгэрүүлсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Гэхдээ Монголын хөлбөмбөгийн холбоо 1959 оны 10 дугаар сарын 1-нд анх үндэс сууриа тавьж, 56 жилийн хугацааг туулан өнгөрүүлээд байна. Улмаар 1997 онд Монголын хөлбөмбөгийн холбоог дахин шинэчлэн зохион байгуулжээ. Үүнээс нэг жилийн дараа буюу 1998 оны 5 дугаар сарын 14-нд Азийн хөлбөмбөгийн холбоонд, тухайн оныхоо 6 дугаар сарын 8-д ФИФА буюу олон улсын хөмбөмбөгийн холбоонд гишүүнээр элссэн түүхтэй.

2015 оны эхээр ээлжит их хурлаа амжилттай зохион байгуулснаар 2.27-ны өдөр өнөөгийн хөлбөмбөгийн холбооны удирдагч А.Ганбаатарыг МХБХ-ын Ерөнхийлөгчөөр сонгожээ. Энэ онд МХБХ гадны болно олон улсын чанартай 3 том тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгууллаа. 3.17-нд Монгол улс Зүүн Тиморын шигшээ багтай 2018 оны ДАШТ-ийн плэй-оффын урьдчилсан шатны тоглолтыг МХБХ-ын талбайд хийсэн. Мөн 9.16-20-ны өдрүүдэд МХБХ Ази тивийн 16 хүртэлх насны урьдчилсан шатны К хэсгийн тоглолтыг, 11.14-19-ний өдрүүдэд 2016 оны Ази тивийн Футзалын АШТ-ий зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнийг “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгуулсан юм.

2001 онд Монгол улсын үндэсний шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод анх оролцож, анхны гоол, анхны оноогоо авсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. 2002 онд ФИФА-ийн GOAL хөтөлбөрийн нэгдүгээр төслөөр олон улсын стандартад нийцсэн талбайтай болж, 2006 онд дээрх хөтөлбөрийн хоёрдугаар төслөөр МХБХ-ны ажлын байрыг ашиглалтад оруулжээ.

2014 оны хувьд Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөмж, чиглэлийн дагуу МХБХ-ны цаашид дагаж мөрдөх чанд сахин баримтлах шинэчилсэн дүрмийн төслийг хэлэлцэж баталсан байна. Ингээд энэ оны эхээр ээлжит их хурлаа амжилттай зохион байгуулснаар 2 дугаар сарын 27-ны өдөр өнөөгийн хөлбөмбөгийн холбооны удирдагч А.Ганбаатарыг МХБХ-ын Ерөнхийлөгчөөр сонгожээ.

Энэ онд МХБХ гадны болно олон улсын чанартай гурван том тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Эдгээрээс дурдвал, 3 дугаар сарын 17-нд Монгол улс Зүүн Тиморын шигшээ багтай 2018 оны ДАШТ-ийн плэй-оффын урьдчилсан шатны тоглолтыг МХБХ-ын талбайд хийсэн. Мөн 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд МХБХ Ази тивийн 16 хүртэлх насны урьдчилсан шатны К хэсгийн тоглолтыг хүлээн авч амжилттай зохион байгуулсан. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч 11 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд 2016 оны Ази тивийн Футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнийг “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгуулсан юм. Ийнхүү арвин түүхтэй энэхүү холбоо өчигдөр энэ оны “Алтан бөмбөг”-ийн эздийг тодрууллаа.

Ингээд МХБХ-ын 2015 оны шилдгийн шилдгүүдийг танилцуулж байна. “Алтан бөмбөг” шагналд оны шилдэг дасгалжуулагч, эрэгтэй тоглогч, эмэгтэй тоглогч, шүүгч, гоол, бэлгэдлийн 11 тоглогчдыг тодрууллаа.

ШИЛДГИЙН ШИЛДГҮҮД:

Шилдэг эрэгтэй тоглогч: О.Баяржаргал (ФЦ.Улаанбаатар, хагас хамгаалагч (Mid))

Монгол улсын Футзалын шигшээ багийн тоглогч, Монгол улсын үндэсний шигшээ багийн тоглогч, 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн дэд аварга, 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шилдэг хагас хамгаалагч, 2015 оны МХБХ-ны Цомын тэмцээний дэд аварга.

 

Шилдэг эмэгтэй тоглогч: Б.Намуун (“Хад” клуб)

2015 онд зохион байгуулагдсан Эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн шилдэг хагас хамгаалагч.

 

Шилдэг дасгалжуулагч: Д.Батнасан, З.Баттулга (“Эрчим”)

2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга, 2015 оны МХБХ-ны Цомын тэмцээний аварга

 

Шилдэг гоол: Б.Гарьдмагнай /Сэлэнгэпресс/

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн үеэр Хоромхон клубын эсрэг тоглохдоо оруулсан гоолоороо.  2015.06.06.

 

Шилдэг шүүгч: Б.Хаш-Эрдэнэ

МХБХ-ны 1-р зэргийн шүүгч, 8 дахь жилдээ шүүгчээр ажиллаж байна.

 

2015 оны бэлгэдлийн 11 тоглогчид хаалгачаар Э.Ариунболд (“Эрчим”), хамгаалагчаар Г.Төгөлдөр (“Эрчим”), Б.Гарьдмагнай (“Сэлэнгэ Пресс”), Ц.Энхжаргал (“Эрчим”), Н.Цэдэнбал (“Улаанбаатарын унаганууд”), хагас хамгаалагчаар Г.Батбилгүүн (“Эрчим”), О.Баяржаргал (ФЦ Улаанбаатар), Х.Цэнд-Аюуш (“Улаанбаатарын унаганууд”), А.Улсболд (“Хоромхон”), довтлогчоор Н.Наранболд (“Хоромхон”), Ц.Түмэнжаргал  (Улаанбаатарын унаганууд) нар тус тус багтсан юм.

Мөн дээрхи номинациудаас гадна МХБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгосон бөгөөд орон нутгаас “Хужирт” клуб, “Арвайн үндэс” ХХК, “Жи Эн Бевережис” ХХК, NTV телевиз, “Их Монгол” ХХК тус тус хүртсэн юм.

Энэ өдрийн нэг чухал онцлох мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дуулгалаа. Тэрбээр ирэх онд хөлбөмбөгийн нийслэлийн цомын тэмцээнийг 1 тэрбум төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулах болсныг мэдэгдсэн юм.

Үргэлжлэл бий.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна