Тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнийг зохион байгуулна

2015 оны 12 сарын 13

Монголын хөлбөмбөгийн холбооны 2015 оны шилдгийн шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээ өчигдөр(XII.12) “Шангри Ла” зочид буудлын хүндэтгэлийн танхимд боллоо. Энэ өдөр нэгэн чухал онцлох мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дуулгалаа. Тэрбээр ирэх онд хөлбөмбөгийн нийслэлийн цомын тэмцээнийг 1 тэрбум төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулах болсныг мэдэгдсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлэхдээ: “Шилдгийн шилдэгт олгож буй энэхүү “Алтан бөмбөг” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярын мэндийг хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд хөлбөмбөгийн холбооны хийж буй ажил их байгааг та бүхэн харж байгаа. Багийн соёлыг өнөөдөр хүртэл авчирсан та бүхэнд талархаж байна. Багийн соёл бол бидэнд цаашид хөгжин дэвшихэд их зүйлийг өгөх юм. Спортыг хөгжүүлэхийн тулд бизнес болгох хэрэгтэй. Хөрөнгө оруулагч сонирхуйц өрсөлдөөний талбар болгох нь зүйтэй юм байна гэж харж байна. Хандивын спорт бол удаан явдаггүй. Спорт бол амьдралыг хамгийн баялаг болгож чаддаг. Бид үүнийг сайн мэднэ. Хамгийн ойрын жишээг дурдахад Англи, Германы залуус хөлбөмбөгөөл ярьж суудаг. Гэтэл манайд бол өнөөдөр хөлбөмбөгөөс илүүтэй улс төрийг ярьж яваа залуучууд маш их байна. Энд ямар их ялгаа байгааг харуулж байна. Спортод хамгийн түрүүнд шагналын сан өндөр байх, жалгын үзлийг гаргах нь чухал гэдгийг харлаа. Бид жалгын үзлийг улс төрд гаргахаар муу үр дагаварыг гаргаад байдаг. Харин спортод жалгын үзлийг бий болгоход гайхалтай спортыг бий болгож байдаг юм байна. Би өнөөдөр та бүхэнд нэгэн чухал мэдээллийг хүргэх гэж байна. Ирэх онд хөлбөмбөгийн нийслэлийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Энэхүү тэмцээний шагналыг санг НЭГ ТЭРБУМ төгрөгийн сантайгаар зохион байгуулахаар болсныг дуулгаж байна. Үүнийг бид маш удаан ярилцсан юм. Тэмцээн явагдах талбай бол бэлэн байгаа. Түрүүн би хэлсэн. Спортыг хөгжүүлэхэд жалгын үзэл дээр бид илүү түлхүү ажиллана гэж бодож байна. Яагаад зайсан, 40 мянгат, баянхошууны аваргууд, 120-ынхоны гэсэн багуудыг зохион байгуулж болохгүй гэж. Бидэнд удахгүй манай нийгэмд хамгийн том соёл нь болсон, хамгийн том үзэх дуртай спортын нэг нь хөлбөмбөг байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Монголчууд багийн соёлтой, багийн үзэлтэй тийм үндэстэн болохын төлөө хамтдаа зүтгэе. Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.” гэсэн юм.

Ийнхүү Э.Бат-Үүл дарга ирэх онд нэг тэрбум төгрөгийн шагналын сантай хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсныг дуулгалаа.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна