Архангай аймагт хийгдсэн авто замын бүтээн байгуулалтыг хүлээж авлаа

2015 оны 12 сарын 13

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 96-р тогтоолын дагуу “Гудамж” төслийг аймгийн төвүүдэд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Хөгжлийн банкны санхүүжилтээр Архангай аймагт нийт 8.7 км авто зам, 3.25 км дугуйн шинээр барьж, 7 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг “ОДНД” ХХК, “Готик голд” ХХК, “Архангайн автозам түншлэл” ХХК-ууд чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэжээ.

Архангай аймаг, Цэцэрлэг хотод Гудамж төслийн хүрээнд хэрэгжсэн бүтээн байгуулалтын ажлыг хүлээн авах ёслолын ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 12-нд болж, тус аймагт ажиллаж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо.

Тус аймгийн төв төсөл хэрэгжихээс өмнө 5.2 км хатуу хучилттай авто замтай байсан бөгөөд “Гудамж” төсөл хэрэгжсэнээр нийт 14 км хатуу хучилттай авто замтай болж, уулзварууд нь гэрлэн дохиотой дөрвөн зам болон тойрог хэлбэрийн зөв зохион байгуулалттай болжээ. Гадаад орны хотын жижшигт хүргэж замын тэмдэглэлээг цогцоор нь шийджээ тус төслийн гүйцэтгэлтэй танилцсаны дараагаар Ерөнхий сайд хэлээд манай орон нутаг, аймгууд олон улсын жишигт хүрсэн ийм гудамж талбайтай болоосой гэж хүсч байна, Энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах болно гэлээ.

Авто зам, уулзваруудыг өргөтөн шинэчлэхдээ мэргэжлийн байгууллагуудаас олгосон техникийн нөхцөлтэй уялдуулан цахилгаан болон усан хангамж, холбоо, гэрэлтүүлэг, дулааны шугам сүлжээг шинээр сувагчлал байгуулах, сувагчлалыг хүчитгэх, агаарын баганыг өндөрлөх, газрын кабелийг шилжүүлэх зэргээр цогцоор нь шинэчилсэн байна.

Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Х.Гарамгайбаатар, Д.Тэрбишдагва болон нутгийн иргэд, энэ ажлыг гүйцэтгэсэн компанийн ажилтнууд оролцлоо. 

“Гудамж” төсөл нийслэл хотын авто замын түгжрэл, агаар хөрсний бохирдлыг багасгах, эдийн засгийн алдагдлыг бууруулах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор хотын гудамж-замын сүлжээг зөв төлөвлөн хөгжүүлж, өргөтгөн шинэчлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, нийслэл хотод 24 уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалтай болгож, нийт 20 гаруй км зам шинээр барьсан.

Мөн “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам” цогцолборт 5000 гаруй авто зогсоол, 12.6 га бүхий үйлчилгээний талбай барьж байгуулсан.

Түүнчлэн, Гандангийн дэнжийн гэр хорооллыг дэд бүтцээр хангах ажлыг эхлүүлсэн, Монголд анх удаа хурдны замууд барихаар зураг төсөл, Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж бэлэн болгосон.

“Гудамж” төсөл бол Чингис бондоос санхүүжиж байгаа. Тиймээс зөвхөн нийслэл хотод хэрэгжүүлээд зогсохгүй Монгол орон даяар үр дүнг нь хүргэх ёстой гэдэг үүднээс 2014 онд Засгийн газраас 96 тоот тогтоол гаргаж 21 аймагт хэрэгжүүлэхээр болсон. Ингээд төвийн бүсээс Архангай, баруун бүсээс Увс аймагт амжилттай хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн. Зүүн бүсээс Хэнтий аймагт зураг төслийн ажил нь хийгдсэн.

Мөн Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Булган, Говь-Алтай аймагт төслийн нэгжийнхэн газар дээр нь ажиллаж, судалгаа, төлөвлөлт хийж байгааг “Гудамж” төслийн захирал Б.Батболд танилцууллаа

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна