Уушиг нь таван цулын дотно найз, хөвгүүн мэт

2015 оны 12 сарын 13

Монгол эмчийн тэмдэглэлээс

Би төвийн нэгэн нэгдсэн эмнэлэгт дадлага хийж байлаа. Дадлагын багш маань намайг маргаашаас үзлэгийн газар суухаар хуваарилав. Өглөөний “8.30-д үзлэг эхэлдэг хоцорч болохгүй” гэсэн тул цагаасаа арай өмнөхөн очоод өрөөний үүдэнд дугаараа хүлээн суух олны өмнүүр явсаар үзлэгийнхээ өрөөнд орон эмчтэй мэндлээд өөрийгөө танилцуулав. Тэрээр 40 гаруй насны шалмаг нэгэн байлаа. Эмч мөн саяхан ирсэн бололтой эмчийн цагаан халатаа өмсөн ажилдаа бэлдэж байгааг харахад ажилдаа нэлээд дадсан туршлагатай нэгэн бололтой. Би ч дотроо “Ашгүй овоо туршлагатай эмчтэй таарлаа” гээд баяртай байлаа.

Эмч уруулаа будан үсээ цэгцлэх хоорондоо “Түр хүлээж байгаарай, би одоохон ирнээ” гээд гараад явлаа. Анагаахын дээд төгсөөд 18 жилийн дараа дахин мэдлэгээ сэргээж шинэ мэдээлэл авах боломж олдсонд сэтгэл өндөр байсан би гэдэг хүн халатныхаа хармаанд хийсэн “Эмч, оюутнуудад зориулсан лавлагааны ном”-оо гарган уушигны тухай уншиж гарав. Эмч алга л байв. “Өглөөний ярианд орсон юм болов уу” гэж таамаглаад өрөөний доторхыг сонирхохоор бослоо. Өрөөний хананд уушгины бүхэл зургийг товойлгон харуулсан гоёмсог зурагт самбар байх ба үзлэгийн ор, яаралтай тусламжийн материал зэргийг агуулсан шилэн шүүгээ, ширээ сандал, компьютер, уушгины зураг хардаг ханын гэрэлт самбар гээд л бүх юм нь гял цал, цэлгэр сайхан өрөө байх аж. Энэ зурагт самбарын хажууд уушгины өвчний төрлүүд, уушгины өвчний үед хэрэглэх эмүүдийн тухай түүний үйлчилгээг харуулсан маш сонирхолтой мэдээллүүд байсан учраас би бүгдийг уншин “Ерөнхийдөө бидний үед орж байсан эм, эмчилгээ бараг хэвээр шив дээ” гэж өөрөө өөртэйгөө ярилцан зарим шинээр өөрчлөгдсөн нэрсийг тэмдэглэж авахыг хичээж байлаа.

Ингэж байтал эмч ирж үзлэг эхэллээ. Эхний өвчтөн 52 настай эмэгтэй ханиаж хахаж цацах түүнийг “Гуурсан хоолойн багтраа (Bronchial asth-ma)” буюу “Астма” гээд л гуурсан хоолойг өргөсгөх эм болох в2 адренорецепторыг сэргээдэг эм (Salmeterol), М холинолитекүүд, гуурсан хоолойн булчинд шууд нөлөөлж сулруулах эм (Teofilin), дааврын найрлагатай (Pulmocort), харшлын эсрэг гэх зэрэг хүчтэй эмүүдийг биччихлээ. “Уг нь эхлээд ханиад намдаах, цэр ховхлох эм гээд зөөлөн эм өгч болдоггүй юм байхдаа” гэж бодосхийгээд л өнгөрлөө. Дараагийн эмэгтэй 43 настай “Манайх нэг нохой худалдаж авсан юм л даа түүнээс хойш ханиалгаад, заримдаа хоолой боочих гээд байна” гэтэл “Харшлын гаралтай астма” гээд бас нөгөө эмээ бичээд өгчихлөө. Би дотроо “Наадахаа нохойгоо холдуулаад ажигла гэж хэлж болдоггүй юм байхдаа” гэж бодоод бас л юм хэлсэнгүй. Дараагийнх нь өвчтөн 65 настай туранхайвтар эрэгтэй. Ялангуяа “Өглөө бөгшүүлэн ханиагаад цэр ховхрохгүй Бөглөчих гээд байна” гэсэн зовуурьтай өдөрт бараг хоёр хайрцаг тамхи татдаг нэгэн байв. Түүнд “Никотины гаралтай астма” гээд бас л дээрх эмүүдээ биччихлээ. Би бүр дотроо тэвчиж ядаж байлаа. Дараагийн 68 настай эмэгтэй үүднээс эмчийн ширээ хүртэл арай ядан загас адил амаа ангалзуулан явах түүнд би туслахаар ухасхийн босож түшиж явсаар сандалд суухад нь туслав. Тэрээр хоёр хацар нь хавагнан унжиж, нүүр нь сэлхийсэн, нүүр гарынх нь арьс нь нимгэрч, судаснууд хагарч хөхрөн хүрэнтээд яг л олон жил дааврын гаралтай астмын эм уусан нь илт харагдаж байх бөгөөд:

- Эмчээ эм маань дуусаж байна сунгуулж бичүүлэхээр ирлээ гэж амьсгаадан хахан цацан байж хэлэв.

Эмч: Та тасагт хэвтэх үү? одоогоор ор байгаа гэсэнд гараа савлаад:

- Үгүй үгүй. Би гэртээ хүчилтөрөгчийн аппаратаараа байнга амьсгалаад арай дээр байгаа. Одоо аппаратнаасаа холдчихоод л ингэж байгаа юм гээд эмээ талархаснаа илэрхийлээд явахаар бослоо. Мэдээж дээрх хүмүүст бичсэн эмээ бүгдийг давтан бичлээ.

- Энэ хүн хэдэн жил энэ эмүүдийг ууж байгаа вэ? гэж намайг асуусанд:

- Өө намайг энд ирэхэд л орж ирээд, надад ямар эм уудгаа хэлж бараг өөрөө зааж бичүүлдэг байсан. 30 гаруй жил өвдөж байгаа хүн мэдээж эхнээсээ л уугаа биз дээ чи тэр эмүүдийг сайн цээжилж үйлчилгээ механизмыг нь мэдэж аваарай гээд зурагт самбар руу заахад нь би:

- Бага зэрэг мэднэ ээ, би танд одоо ч ярьж өгөхөд бэлэн гэтэл:

- Сайн байна шалгалтад чинь хэрэг болно гэж хээв нэг хариуллаа.

Би “Та эдгээр эмийн гаж нөлөөг нь мэднэ биз дээ, дээрх хүмүүс яваандаа яг энэ эмээ шиг л болно гэдгийг та мэдэхгүй гэж үү? Хэрэв мэдэж байвал хүн бүхэнд бичиж болж байгаа юм уу? Яагаад...?” хэмээн асуухыг маш их хүсэж байсан боловч түүний энэ их мэдэмхий, өөртөө итгэлтэй байдал, мэдээж энэ мэргэжилдээ өндөр үнэлэгдсэн учраас л төвийн энэ эмнэлэгт эмчээр ажиллах эрх мэдлийг олсныг нь бодож нөгөө талаар энд дадлага хийх боломж олсноо алдахгүйн тулд бүхнийг тэвчихээс өөр аргагүй байлаа. Учир нь ихэнх эмчийн эрхээ сунгуулахаар шалгалтаа өгсөн ялангуяа гадаадын мань мэт нь хотын захын юмуу хотоос гаднах эмнэлэгт хуваарилагддаг байсан юм.

Дараагийнх нь 20 гаруй настай оюутан охин:

- Шалгалт дөхөхөөр л амьсгал давчдаад, агаар дутагдаад, хэсгийн эмч дээрээ очтол астма байж магадгүй юу ч гэсэн төв рүү яваад оношоо тодруулаад ир гэсэн гээд спирометр зэргийхээ шинжилгээний хариуг үзүүлтэл “Стрессийн гаралтай астма” гээд л дахиад л нөгөө эмүүдээ биччихлээ. Нөгөө охин бүр айсан шинжтэй:

- Яанаа нээрээ юу эмчээ? Би айгаад байна ямар аймаар юм бэ? Эмээ маань астматай тул би ийм өвчнөөр өвдчихгүй юмсан гэж их боддог байлаа гээд нусаа татан мэгшлээ. Эмч:

- Харамсалтай нь та тийм удамшлын шалтгаантай болохоор ийм эрт илэрч байгаа юм даа. Эмүүдээ маш нягт нямбай уугаад дахин ирээрэй тасалж болохгүй гээд астма гэж юу болох түүнийг эмчлэх эмийн үйлчилгээний талаар зурагт самбар дээрээ товч танилцуулаад “Дараа долоо хоногт шинээр астмаар өвдөж байгаа хүмүүст зориулсан хичээл заана, түүнд ирж суугаарай” гээд гаргалаа. Охин ч тайвширч танд маш их баярлалаа би ирнэ ээ гээд гарлаа.

Энэ маягаар энэ өдөр бараг 20 хүн үзлээ. Миний сэтгэл хямарч энэ шөнө бараг нойр хүрсэнгүй. “Хөөрхий охины ирээдүй ч хэцүү болох нь дээ дараа долоо хоногийн тэр хичээл дээр нь суучих юмсан, охинтой тааралдах ч юм билүү тэгвэл чиний энэ байдал уушигны багатраа өвчин ч биш зүгээр сэтгэл хөдөлснөөс болж зүрх дэлсэж дотор давчдаж байгаа шүү дээ. Зарим хүн бүр түр ухаан алдах тохиолдол ч байдаг. Зарим хүн гар хөл хөлрөн зарим нь хий ханиах зэргээр янз бүрээр илэрдэг ердийн сэтгэл хөдлөлийн илрэл гэж хэлэх юмсан. Астмын эм ууж болохгүй гэж ятгах юмсан, өвөөг тамхиа багасгаад цэр ховхлох эм, уушгины тамир сайжруулах эм уухыг зөвлөх юмсан...” гээд л бодсоор бараг үүрээр түр зүүрмэглэсэн байлаа.

Маргааш нь эмчээс “Өчигдрийн хүмүүс бараг бүгд астматай байлаа” гээд яриа эхэлтэл эмч:

- Би бүгдэд нь адил онош тавиагүйг чи анзаараагүй юм уу? астма дотроо маш олон янз номоо сайн унш. Тэгээд өнөөдөр их анхааралтай байгаарай. Тэдгээрийн ялгааг мэдэж авах хэрэгтэй гэхээр нь би:

- Аанхаан, би анзаарсан. Онош хоорондоо бага зэрэг ялгаатай байсан л даа харшлын, удамшлын, сэтгэл санааны, тамхины, биеэ даасан ...гээд л харин эмчилгээний хувьд бүгдэд нь яагаад адилхан эмчилгээ бичдэг юм бэ? Миний бодлоор...” гээд цааш ярих гэтэл

- Астмад өөр эмчилгээ байхгүй л дээ. Энэ чинь дэлхий нийтээр мөрдөж байгаа арга шүү дээ. Чи ер нь идэвхтэй сайн байна. Энэ чинь л дадлагын ажил шүүдээ гээд намайг овоо тоосон янзтай харан инээвхийлснээ “Эдгээр эмүүдийн талаар сонирхолтой сайхан газруудад сургалт явагдаж, сонирхолтой арга хэмжээ зохиогддог тул түүнд оролцож сайхан амраад авах ч бас зүгээр шүү” гэж гараа донжтой нь аргагүй савлан аз жаргалтайгаар нүдээ ирмэснээ “Би үдээс хойш тасагт үзнэ бас анагаахын оюутнуудад хичээл заана. Хүсвэл тэнд сууж болно. За одоо ажлаа хурдан дуусаад үдийн хоолондоо хурдан орцгооё” гэж эелдэгээр хэлээд ажилдаа орлоо. Маргаашаас нь би шинжилгээний хэсэг дээр хуваарилагдсан учир дахин очоогүй билээ.

ҮРЖИНГИЙН БАЙГАЛМАА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна