МАН-ын шантааж, Цэцийн мэдэгдэл!

2015 оны 12 сарын 13

Улаанбаатарын угаар гамшгийн хэмжээнд хүрээд удаж байна. Гэвч энэ жил хотын утааг багасгахад зориулж албан ёсоор мөнгө тусгаагаагүй нь иргэдийг гайхшируулаад зогсохгүй гамшигтай гар барилаа гэж хэлэхэд хүртэл хүргээд амжив.

Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт бас л ипотекийн зээлийг зогсооход хүргэх нь гэсэн дүгнэлтийг банкны холбооны хийхэд хүргэлээ.

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг зогсоовол бидний агаарын бохирдолтой хийх тэмцэл маань хойш ухархад хүрнэ. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв зам нь гэр хорооллыг орон сууцжуулах гэдэгтэй хэн хүнгүй санал нийлнэ. Төсөл хэрэгжүүлж, зуух тараалаа гээд утааны хор багасна гэдэг юу л бол. Харин найман хувийн хүүтэй зээлийг олгож эхэлснээр нийт 75 мянга айл, өрх тохилог орон сууцанд амьдрах боломжтой болсон гэсэн статистик байна. Үүнийг гэр хорооллын 180 мянган өрхтэй харьцуулбал чамлахааргүй тоо.

Харин Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Наранчимэг “Иргэний хуулийн болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд иргэн А.Базар хандсан.

Энэ мэдээллээр Цэц дунд суудлын хуралдаан хийж, их суудлын хуралдаанаар эцэслэсэн шийдвэрлэсэн. Ингэхдээ банкны ямар нэгэн хүүтэй холбоотой асуудлыг энд авч хэлэлцээгүй. Банк хэдэн хувийн хүүтэй, ямар зээлээ, хэнд олгох вэ гэдэг нь Үндсэн хуулийн маргааны асуудал биш. Цэцийн шийдвэр нь 8 хувийн зээлтэй огт холбоогүй” гэсэн тайлбарыг өглөө.

Д.Наранчимэгийн хэлснээр “Барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсныг хүчингүй болгосон” гэнэ.

Харин үүнийг банкныхан өөрсдийг нь эрсдэлд оруулж байна хэмээн тайлбарлаж буй. Тиймээс эрсдэлээ тооцон цаашид өөрсдийгөө хамгаалах бодлого барих нь гарцаагүй.

Ингэснээр орон сууцын зээлийн урьдчилгаа 10 хувь болох таатай мэдээлэл ч лөөлөө болох бололтой.

Цэц нэгэнт их суудлын хуралдаанаа хийж, шийдвэрээ гаргасан болохоор мөнөөх хуулийн заалт түдгэлзэж л таараа. Тиймээс л иргэд хүү багатай зээлээр орон сууцтай болох боломж эрсдэлд орж байна л гэсэн үг. Харин хууль санаачлагчдын зүгээр энэхүү хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, асуудлаа шийдвэрлэх шаардлага гарч ирж байна. Сүүлийн үед МАН-ын захиалгаар улс орон, иргэдэд ашиггүй, улстөржсөн шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц удаа дараалан гаргах боллоо гэдгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс эхлээд хэлээд буй. 

Нөгөө талаар Цэцийн шийдвэр зөвхөн өөрсдийнхөө болзолыг тулгадаг банкныхнаас иргэдээ өмөөрсөн шийдвэр гаргасан ч гэх тал бий. Ямартай ч үүнтэй холбоотойгоор найман хувийн зээл цаашид хэрэгжих эсэх нь эргэлзээтэй боллоо.

Хар машин ба гар тооллого

МАН болоод бусад намууд хамтран сонгуулийн санал тоолох хар машинаар тоолсон саналыг гараар тоолдог болохыг шаардан сүртэй жагсаал хийж, сор залаад амжсан нь өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан нэгэн үйл явдал болов. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд ч хөгжилтэй ярианууд их гарч байна. Тэгвэл твиттерт нэгэн хөгжилтэй яриа өрнөсөн нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын асуусан асуултад УИХ-ын даргын хариулсан хариулт тренд болж байна. Ё.Отгонбаяр гишүүн “Энэ жиргээний санал хураалтыг яаж хийдэг юм бэ” гэж тусламж хүссэн асуултад УИХ-ын дарга З.Энхболд “Уг нь компьютер тоолдог. Чи гараар тоолох шаардлага твиттерт рүү явуулаад үзэх юм уу” гэсэн нь хамгийн хит болсон жиргээ болоод байна.

Түүнчлэн аливаад баримтаар хандах дуртай жиргээчид

Гэсэн баримтыг ч гаргаж ирээд байна. МАН өөрсдийн ялагдлаа хар машинд чихэж, өмнө нь гаргасан шийдвэрээ үгүйсгээд буй энэ цаг мөчид тэдний мартагдсан ой санамжийг нь ийнхүү сэргээж эхэллээ. МАН орон нутагт хөл сайтай байхдаа саналыг гараар тоолуулж, сонгууль луйварддагийг эсэргүүцэж 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн гарч байсан. Тэд тийм цаг үеэ хүсэмжилж, сонгуулийн саналыг гараар тоолохыг шаардаж байна. Үүний биелүүлэхийн тулд УИХ-ын чуулганаас удаа дараа завсарлага авч, шантаажилж байна.

Өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх ёстой байсан чухал хуулийн төсөл, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх томоохон төсөл, шийдвэрүүд тэдний утгагүй үйлдлээс болж гацлаа.

Ирэх долоо хоногт ч энэ утгагүй үйлдлээ үргэлжлүүлбэл оны өмнө олон олон асуудал шийдэгдэж чадалгүй, тэрээр хэрээрээ иргэдэд дарамт болох нь бололтой. 

Л.ТӨГС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна