Хятадын талд ажилладаг уйгур дарга амь үрэгджээ

2015 оны 12 сарын 13

 

Хятадын засгийн газраас “террористуудын үүр” хэмээн нэрлэх болсон Шинжаан-Уйгурт явуулсан цагдаагийн ажиллагааны үеэр аюулгүй албаны уйгур дарга амь үрэгджээ. Шинжааны Аксу хотын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны орлогч дарга Маймайтижиан Туохуниязи өчигдөр орой /XII.12/ террористуудын эсрэг ажиллагааны үеэр амь үрэгдсэн тухай “People's Daily” мэдээлжээ. Түүнийг террористуудад барьцаалагдсан малчныг аврах ажиллагааны үеэр амь үрэгдсэн хэмээн мэдээлэв.

 

 Аксу хот нь Киргизстан улстай хиллэдэг бөгөөд өнгөрсөн есдүгээр сард нүүрсний уурхайд гарсан халдлагын үеэр 16 хүн амь үрэгдсэний тав нь Хятадын цагдаа байжээ. Хятадын аюулгүйн албанаас хожим нүүрсний уурхайн халдлагад оролцсон 28 террористыг хөнөөсөн болохыг мэдээлсэн юм.

 

Шинжаанд уйгур хэл, исламын шашныг ойлгодог Хятадын албаны хүн цөөн байдаг нь тагнуулын үйл ажиллагаа явуулахад Бээжинд хүндрэл учирдаг тухай албаныхан ярьжээ. Хятадын зүгээс Шинжааны уйгур үндэстнүүдийн тэмцлийг Зүүн Туркестаны тусгаар тогтносон улсыг байгуулахаар зорьж байгаад хардаж буруутгадаг юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна