Үзэсгэлэн төгс эвэртнүүд

2015 оны 12 сарын 13

Саяхан палеонтологичид Испанид сэлмэн соёотой, гурван эвэртэй анаашны элэнц хуланцын ер бусын чулуужсан ясыг малтан олжээ. Дунд эвэр нь “Оддын дайн” киноны хатан хаан Амидалагийн үсний засалтыг санагдуулж байсан учир түүнийг хатан хааны нэрээр нэрлэжээ. Эртний малтлагаар олдсон амьдын зургийг зураач Лукас Лима (Lucas Lima) бүтээжээ.

Самотериум (Samotherium)

Зургийг: Lucas Lima and Earth Archives

Арваас таван сая жилийн өмнө (миоцены үе) амьдарч  энэ амьтны өндөр нь сэрвээ хүртэл хоёр метр, урт нь гурван метр байсан ба Баруун Европоос Хятад хүртэл, Хойд Африкийн өндөр өвстэй савана бүс, ойн хөндийгөөр тархсан байжээ. Энэ амьтдын  анхны чулуужсан ясыг Эгейн тэнгисийн Самос арлаас олсон учир ийм нэр авчээ.

Xenokeryx amidalae

Зургийг: Lucas Lima and Earth Archives

Хоёр эврийн ургац нүдэн дээр нь, Т хэлбэрийн гурав дахь нь зулайд нь ургажээ. Дунд эвэр нь “Оддын дайн” киноны хатан хаан Амидалагийн үсний засалтыг санагдуулж байсан учир түүнийг хатан хааны нэрээр Xenokeryx amidalae («Амидалагийн хачин эвэртэй гийчин») гэж нэрлэжээ. Тэр амьтан миоцений үед 15,5 сая жилийн өмнө амьдарч байсан ба өнөөдөр зөвхөн окапи, анааш хоёр үлдсэн эвэртэй хэвэгч амьтдын аймагт ордог ажээ.

Сиватериум (Sivatherium)

Зургийг: Lucas Lima and Earth Archives

Эртний анаашнуудаас эдгээр амьтад хамгаас удаан амьдарчээ. Тэднийг ханын зурагт зурсан байв. Африкаас Өмнөд Ази хүртэл нутагт амьдарч байжээ. Энэтхэгийн Шива бурхны нэрээр нэрлэсэн байдаг юм.

Сиватериумын толгой нь хоёр  талаасаа хос эврүүдээр шахагдсан бөгөөд арын хоёр эвэр нь том, хавтгай салаа бүхий үсэрхэг ажээ. Өмнө хоёр эвэр нь хавтгай, урагш чиглэсэн байна. Бүх анаашнуудын эвэр нь  арьс, үсээр бүрхээстэй байсан бололтой.

Эласмотериум (Elasmotherium)

Зургийг: Lucas Lima and Earth Archives

Евразийн үсэрхэг хирс 50 мянган жилийн өмнө мөхжээ. Түүнийг балар эртний хүмүүс хадны сүг зурагтаа буулгасан байж магадгүй. Энэхүү хирс нь дөрвөн тонн орчим жинтэй, сүрэглэн амьдардаг. Ясархаг пөмбөгөр духны ястай бөгөөд түүн дээр нь метр хагас хүртэл урт эвэр байжээ. Эврийг нь өнөөдөр хүртэл олоогүй юм. Эвэр нь яснаас биш уурагнаас бүтэж байсан байж магадгүй гэнэ. Мөн эвэр байсан гэх таамаглал л байгаа. Духны ясанд нь олон тооны судасны  ул мөр болсон  судлууд ихээхэн байгаа юм. Идэвхтэй цусны эргэлт нь кератин бодисыг ялгаруулан тэр нь урт  цусан эврийг бий болгодог ажээ.

Эвэртэй зурам (Ceratogaulus)

Зургийг: Lucas Lima and Earth Archives

Эвэртнүүдээс хамгийн жижигхэн бөгөөд цорын ганц энэ амьтан хэдэн сая жилийн өмнө Хойд Америкийн тал нутагт амьдарч байв. Хараа муутай, хүчирхэг хумстай байсан учраас нүх ухан амьдардаг байсан бололтой.

Яагаад түүнийг эвэртэй байсан талаар маргаан их. Эмэгчний яснаас бас эвэр олдсон нь өөрсдийгөө хамгаалах зэвсэгтэй байжээ гэх таамгийг илүүтэй өгч байгаа.

Синтетоцерас (Synthetoceras tricornatus)

Зургийг: Lucas Lima and Earth Archives

Жинхэнэ кайнозойн трицератопс энэ! Америкийн баруун хэсгээр миоенийн хожуу үед сүрэглэн бэлчиж байв.

Эвэр хөлтийн (Protoceratidae) аймгийнх бөгөөд өнөөгийн тэмээний хамаатан байх талтай.  Гэхдээ эврээ жил бүр гуужуулдаггүй байсан байх.

Бронтотериум (Brontotherium)

Зургийг: Lucas Lima and Earth Archives

Асар том, бүх төрлийн хүнстэн, хос туурайтан биш энэ амьтан Хойд Америкт амьдарч байгаад гучаад сая жилийн өмнө мөхжээ. Хэмжээгээр өнөөгийн хирснээс арай том. Жижигхэн толгойтой хүчтэй богино хүзүүтэй, нүд нь хоорондоо ойрхон байжээ.Энэ амьтны хамарт бат бэх арьсан хучлагатай эврийн ясан суурь үлджээ. Тэр нь хавтгай төгсгөлдөө салаалдаг байсан болов уу.

Браматериум (Bramatherium)

Зургийг: Lucas Lima and Earth Archives

Анаашийн аймгийн бас нэг төлөөлөгч Миоцен-плиоцений үед Азид, Туркээс Энэтхэг хүртэлх уудам нутагт амьдарч байжээ. Түүний толгойд таван эвэр байсан ул мөртэй. Эрэгчин нь эмэгчнийхээ төлөө тэмцэлдэх зэвсэг байсан болов уу.

Арсинотериум (Arsinoitherium zitteli)

Зургийг: Lucas Lima and Earth Archives

Энэ амьтны гадаад төрх нь хирсийг санагдуулахаар, гэхдээ араг ясны бүтэц нь заантай төстэй Хоёр том ясан эвэр нь хирсийнх шиг дараалаагүй зэрэгцэн ургасан байжээ. Эвэр нь хөндий байснаас  түүгээр бүрээдэн эмэгчнээ дууддаг байсан гэх таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ.

Арсинотериум нь мөхсөн  эмбритопод гэх цорын ганц аймгийнх. Энэ таамаглал бүхий бүхий амьтдын үлдэгдэл зөвхөн Египетийн Фаюмын хавцлаас олдсон юм.

Том эвэрт буга (Megaloceros)

Зургийг: Lucas Lima and Earth Archives

Том эвэрт буга (Megaloceros) нь хүнтэй бараг чацуутан бөгөөд сүүлийн мөсөн галавын төгсгөл хүртэл амьдарч байжээ.  Тал хээрт амьдарч байсан байх магадлал өндөр. Ойд ийм том 5,2 метрийн дэлгэц бүхий эвэртэн амьдрах боломжгүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна