Зул сарын улс төрийн зугаа

2015 оны 12 сарын 14

Сэтгүүлч:
Д.Нарантуяа

Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Намбарын Энхбаярын нэрийг Засгийн газрын Шадар сайдад нэр дэвшүүлэх тухай МАХН-ын шийдвэр өнгөрсөн долоо хоногийн хамгийн шуугиан дагуулсан явдал болж, энэ мэдээ хуурай өвсөнд гал тавихтай адил хурдан тархлаа. 2012 оны сонгуулийн үр дүнд парламентад олон суудал авсан Ардчилсан нам парламентыг бүрдүүлэгч нэг субъект болох МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран засгийн эрх барьж байгаа юм. Засаг бүрдүүлэх тохиролцооны квотын дагуу МАХН-нд Шадар сайдын суудал болоод Эрүүл мэндийн суудал ногдож байгаа билээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүрэлдэхэд МАХН Шадар сайдын суудалд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Эрүүл мэндийн сайдад Г.Шийлэгдамба нарыг санал болгон ажиллаж байсан юм. Харамсалтай нь одоогоос сар гаруйн өмнө Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба авлигын хэргээр албан өрөөнөөсөө баривчлагдсан. Ийнхүү ор гарсан Эрүүл мэндийн сайдын суудлыг шинэ эзнийг тодруулах үйл явц илүү өргөн хүрээтэй улс төрийн акц болон хувирч байна. МАХН өөрийн бүрэн эрх мэдлийн хүрээнд Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатарыг Эрүүл мэндийн сайд руу гулсуулж, харин намынхаа дарга Н.Энхбаярыг Шадар сайдын суудалд томилуулах хүсэлтийг өнгөрсөн Пүрэв гаригт албан ёсоор гаргалаа.

Монголын төрийн хашиж болох бүхий л албан тушаал болох Соёлын сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын даргыг хашиж байсан, нэгэн үеийн Монголын улс төрийг зангидаж байсан Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сард авлигын хэрэгт буруутган баривчилж, шүүхээс ял оноосон. Харин 2013 оны наймдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган уучлал үзүүлэн ялаас чөлөөлсөн. Шүүхээс оноосон хоёр жил зургаан сарын ялын дийлэнхийг “сайд нарын” хэмээн тодотгодог II эмнэлэгт өнгөрүүлсэн. МАХН-аас томилогдсон Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус эмнэлэгт тусгай өрөө гарган өгсөн юм. Ялаас чөлөөлөгдмөгц Өмнөд Солонгос улс руу явж биеэ эмчлүүлж байсан Н.Энхбаяр өнгөрсөн хугацаанд өөрийн толгойлдог МАХН-аараа дамжуулан Монголын улс төрд оролцсоор ирсэн билээ. Харин өнгөрсөн зун наадмын өмнөхөн тэрбээр нутагтаа эргэн ирсэн.

Улс төрөөс хөндийрүүлснээсээ хойш дандаа өөхөнд боолттой чулуу шиддэг байсан Н.Энхбаяр энэ удаа ийнхүү Шадар сайдын суудал горилж байгаагаа албан ёсоор илэрхийлсэн нь өөрөө ил гарч ирээд чулуу шидсэн хэрэг болов. Албан бус эх сурвалжийн мэдээгээр дөрөв хүрэхгүй жилийн өмнө цул байгаад Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт нам хэмээн хоёр задарсан нам эргэн нэгдэх тухай яриа бодит болох тийшээ хандаж байгаа аж. Энэхүү хоёр нам ирэх жилийн парламентын сонгуульд нэгдэн орвол тэртээ тэргүй нэр хүнд нь унаад байгаа Ардчилсан нам ирэх жил ялагдаж, парламентын олонхиос шууд гудамжинд гарч байсан гунигтай хувь заяа нь дахин тосч байгааг мэргэч төлөгч биш хүнд ч ойлгомжтой юм.

Гал дээр тос нэмсэн бас нэг зүйл нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч /өмнө өгүүлсэн авлигын хэргээр баривчлагдаад буй Г.Шийлэгдамба тус намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан/ Ц.Шаравдоржийн хэвлэлийнхэнд мэдэгдсэнээр Н.Энхбаярыг Шадар сайдаар ажиллаач гэдэг хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тавьсан гэсэн сенсаац. Ч.Сайханбилэг бол Ерөнхий сайд нэртэй боловч түүнийг Ардчилсан намын лидерүүд, тэр дундаа намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд удирдаж буйг тооцох юм бол Н.Энхбаярт Шадар сайдын суудал өгч талдаа татаж, МАН-МАХН эвсэх явцыг хаах гэсэн тактик гэж бас харж болох талтай. Харин Энхбаяртай холбоотой шуугиан өндөр авч байх үед Архангай аймаг руу шинэ замын нээлтэд оролцохоор явсан Ерөнхий сайд “би ийм санал тавиагүй, МАХН-ын зориуд худал үг тарааж байна” хэмээн хэлсэн тухай амралтын өдөр зарим хэвлэл мэдээллээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өдрийн сонин”-ы өнгөрсөн Баасан гаригийн дугаарт өгсөн ярилцлагадаа энэ хэргийг “хошин шогийн хэлбэр рүүгээ явж байна даа” хэмээн тодорхойлсон байсан. Гадуур явж байгаа яриагаар Н.Энхбаяр хүссэн суудалдаа очих магадлал өндөр. Хэрвээ тийм бол зул сарыг бид зугаатай тэмдэглэх нь.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна