Ч.Мөнхзул: Дэлхийн урлагийг хөдөлгөж чадвал хамт олны зорилго юм

2015 оны 12 сарын 14

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзултай ярилцлаа.

-Юуны өмнө БНСУ-ын хотуудад аялан тоглолт хийсэн танай хамт олонд талархал илэрхийлье. Аялан тоглолтын талаар яриагаа эхэлье.  

-Баярлалаа. Бид өнгөрсөн 11 дүгээр сард БНСУ-ын Сөүл, Пусан, Тежон хотуудад симфони найрал хөгжим, дуучдын хамт өргөн бүрэлдэхүүнтэй тоглоод ирлээ. Үнэндээ бид энэхүү аялан тоглолтыг хийхийн тулд жил гаруйн хугацааг зарцуулсан. Манай театрын хувьд Тежон хотын дуурийн театртай гурван жилийн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Өнгөрсөн жил “Чио чио сан” дуурийг Солонгосын уран бүтээлчид Монголд, Монголын уран бүтээлчид Солонгост гэсэн хоёр том төслийн дагуу тоглосон юм. Энэ онд “Монголиан Гала” концертыг Сөүл, Пусан, Тежон хотуудад, Италийн алдарт хөгжмийн зохиолч “Лучиа ди Ламмермур” дуурийг Тежон хотын дуурийн театрт тоглолоо. Энэ маань цаашид Азийн бусад олон оронд хүрэх үүд хаалгыг нээлээ гэж итгэж байна. Энэхүү аялан тоглолтоос уран бүтээлчид маань их зүйлийг сураад, мэдрээд ирлээ гэж ойлгож байна.

-Таны хувьд БНСУ-ын сонгодог урлагийг хэрхэн харж байна вэ?

- БНСУ-ын сонгодог урлаг манайхаас хожуу эхэлсэн хэрнээ түрүүнд гарчихсан явна. Австри, ОХУ, Францын томоохон театрын жишээгээр авч үзэхэд тэргүүлэх бүжигчид нь Солонгосын бүжигчид байдаг. Тэдний хувьд аль хэдийнэ байр сууриа эзэлчихсэн өндөр түвшинд байна. Бидний хувьд адилхан мэргэжлийн уран бүтээлчдийн хувьд хамтран ажиллаад эхлэхээр харилцан бие биенээ хүндэтгэн, хамтарч сайн тоглох боломж гарч байна. Мөн бие биенийхээ арга барилаас суралцах гээд олон талын өгөөжтэй. Миний хувьд БНСУ-д сонгодог урлагийг их үнэлж чаддаг учраас томоохон зах зээл байна гэж хардаг. Тиймээс манай уран бүтээлчид ч гэсэн энэ том зах зээл дээр тоглох боломж байх болов уу гэж харж байна. Цаашид уран бүтээлчдээс Сөүл хотод ч тоглох боломжийн талаар ярилцлаа. Олон улсын фестивальд оролцож болохыг ч харлаа. Өөрөөр хэлбэл бид сайн үнэлэгдэж байж, дараагийн алхмаа хийнэ шүү дээ. Тиймээс энэ удаагийн аялан тоглолтоор их зүйлийг олж харлаа.

-Мэдээж аялан тоглолтын хувьд өргөн бүрэлдэхүүнтэй явжээ. Зардлын асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Аялан тоглолтыг хийхийн тулд урт хугацааны түүхийг давлаа. Хэдийгээр гэрээний дагуу хоёр дахь жилийн ажлын төлөвлөгөө байсан ч энэ удаа Солонгосын талаас маш их зардлыг гаргасан. Театраас нийт 67 хүний бүрэлдэхүүнтэй баг явсан. Уран бүтээлчид маань 20-иод хоногийн турш тэнд байрлах гээд бүхий л зардалд 400 сая төгрөг зарцуулсан. Энэ бүх зардлыг Солонгосын талаас гаргана гэдэг бол хэцүү байсан байх. Гэхдээ үүний цаана Монголын сонгодог урлагийн төлөөлөл очиж байгаа болохоор тэдний хувьд бүхий л зүйл дээр тусалж өглөө. Бидний гурван том хотуудад хийсэн “Монголиан гала” тоглолт бол цэвэр Монголоо сурталчилах байсан. Энэхүү тоглолтод зочдыг урилгаар авчирсан бөгөөд БНСУ-д суугаа Элчин сайдын яам, “Илсукду” урлагийн төв, Тежон хотын дуурийн хамт олны хичээл зүтгэл их байлаа. Тоглолт болж буй тухайн театрын хамт олон бүхий л зүйлийг сайн бэлдсэн байсан. Бидний хувьд тэнд мэргэжлийн хувьд өндөр түвшинд байна гэдгээ мэдрүүлсэн сайхан боломж гарлаа.  

Дэлхийн тавцанд нэрээ дуурсгасан уран бүтээлчдийнхээ тайлан тоглолтыг хийж, театрынхаа хамгийн анхны ууган балетын нэгэн жарны ойг тэмдэглэх, шинэхэн дуурь, балетыг бүтээх гээд бидний хувьд үзэгчиддээ өргөн барих бэлэг арвинтай нэгэн шинэ улирал эхлэх гэж байна. Бидний хүч хөдөлмөр эрхэм таны зүрхний нандин утсыг хөндөж, дэлхийн урлагийг хөдөлгөж чадвал энэ театрын хамт олны туйлын зорилго биелэх болно.

-Дуучид, уран бүтээлчдийн хувьд тоглолтын дараа их сайхан энерги, хүчийг авсан байх гэж бодогдож байна?

- Манай уран бүтээлчид БНСУ-ын үндэсний балетын компаний бүжигчид, Сөүл, Тэжон, Тэгү хотын дуучидтай хамтран тоглосон. Эндээс уран бүтээлчид маш их эрч хүчийг авлаа. Солонгосын уран бүтээлчдийн цагаа баримтлах, байнгын дасгал сургуулилтын дэглэм гээд олон зүйлээс суралцсан гэж бодож байна. Энэхүү аялан тоглолт бол олон талын ач холбогдолтой байсан. Миний хувьд уран бүтээлч хүн энэхүү боломжоос өөртөө авах зүйлээ аваад цаашид улам их дэвшин, сайжрахад нөхцөл байгааг хараасай гэж энэхүү ажлыг эхлүүлсэн. Тэнд очсон хүн бүр л дор бүрнээ их сайхан зүйлийг харж чадаж, мэргэжлийнхээ ур чадварыг гайхалтай харуулж чадсан гэдэгт итгэлтэй байна. Бас шинэ залуу уран бүтээлчид маань баг хамт олноосоо ихийг суралцаж чадлаа. Дуучдаас Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорол, Б.Гомбо-Очир, Ж.Бямбажав нарын манай шилдэг уран бүтээлчид гала тоглолтод оролцсон.

-Танай театрын симфони найрал хөгжимчдийн хувьд энэ онд гадаадад уран бүтээлээ толилуулсан үр өгөөжтэй жил байлаа гэж ойлгож болох уу?

-Тиймээ, театрын симфони найрал хөгжимчдийн хувьд 2015 онд маш том чухал тоглолтуудыг гадаадад хийлээ. Оны эхээр ОХУ-ын Улаан-Үд хотод симфони найрал хөгжимчид болон найрал дуучид Оросын хөгжмийн алдарт зохиолч П.И.Чайковскийн 175 жилийн ойд зориулсан хоёр том тоглолтыг сонирхуулсан. Оны төгсгөлд БНСУ-ын хотуудад “Монголиан гала” тоглолтыг сонирхууллаа. Манай уран бүтээлчдийн хувьд өмнөх жилүүдэд Казахстан, Улаан-Үд, БНХАУ-ын Тэнжин зэрэг хотуудад очиж, уран бүтээлээ тавьж байлаа. Энэ жилийн хувьд Азийн том орны нэг БНСУ-ын хамгийн том хотуудад тоглолтоо хийгээд ирлээ. Тэгэхээр яахын аргагүй симфони найрал хөгжимчид, дуучдын маань хувьд үр өгөөжтэй жил байлаа гэж ойлгож болно.

-Энэ жил танай театрын уран бүтээлчид шинэ шинэ тоглолтуудыг дэлгэн тавьлаа. Тэр дундаа “Учиртай гурван толгой дуурийг задгай талбайд тоглосон нь сонин содон байсан болов уу?

-Манай сонгодог урлагийн хувьд энэ онд маш их амжилтын жил байсан. Хувь уран бүтээлч болон театрын уран бүтээлчдийн хувьд үнэхээр өгөөжтэй байлаа. Өнөөдөр харж байхад симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ Европ болон Ази тивд тоглочихлоо. Мөн театрын уран бүтээлчид “Франческа Да Римини” балет зэрэг гурван уран бүтээлээ шинэчиллээ. Мөн энэ зун задгай талбайд хоёр томоохон тоглолтыг тавилаа. Сонгодог бүтээлийн дээжис “Бэст оф классикс” болон “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Учиртай гурван толгой” үндэсний ууган дуурийг анх удаа баяр наадмын өмнө тоглож, үндэсний урлагаа сурталчлах ажлаа уламжлан болгох хэрэгжүүлж эхэллээ. Анх удаа задгай талбайд болсон энэхүү дуурийг 10000 үзэгч үзлээ. Мөн телевизийн шууд нэвтрүүлэгээр олон иргэд гэрээсээ үзэн, наадмын урьд өдөр бас нэг үндэсний бүтээлээрээ бахархсан өдөр байлаа. Эндээс харахад бид Монголын сонгодог урлагийн түвшин ийм хэмжээнд байгаа гэдгийг харуулж чадлаа. Бүтэн жилийн хугацаанд театрын уран бүтээлчид гадаад, дотоодын сонгодог бүтээлүүдээс 100-аад тоглолтыг тайзан дээр тоглодог. 11 дүгээр сарын дүнгээр харахад 38 мянган үзэгч театраар үйлчлүүлсэн байна.

-Мөн “Сонгодог пүрэв гариг” өдрүүд энэ жилийн нэгэн онцгой хөтөлбөр байсан болов уу?

-Энэхүү хөтөлбөрийг бид энэ жил анх удаа хийсэн. 6, 7 дугаар сарын пүрэв гариг бүрт шинэ тоглолтуудыг тавьсан бөгөөд үзэгчдийн ихэнх нь гадных байлаа. Туркийн алдартай төгөлдөр хуурч Тулуйхан Угурлун уран бүтээлийн тоглолт, Австрийн хөгжмийн үдэш гээд олон гайхалтай тоглолтуудыг энэ зун тавьсан. Эндээс харахад бид цаашид жуулчдыг татахын тулд "Сонгодог пүрэв гариг" хөтөлбөрийг илүү сайн сурталчилан таниулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. 2016 онд энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэхийг ирэх хавар бид шийднэ.  

-Удахгүй шинэ он гарлаа. Ирэх оны уран бүтээлийн эхний төлөвлөгөөг сонирхож байна.?

-Яг одоогоор теарт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "Монголын балетын хөгжил сан” хамтран дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг тоглож байна. Энэхүү балетыг гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар өнгөрсөн жилээс эхлэн шинэчлэн тоглосон юм. Энэ онд театрын онцлох үйл явдлын нэг болох “Кармен” дуурийн 30 жил, “Хунт нуур” балетын 40 жилийн ойг тэмдэглэлээ. Ирэх онд хөгжмийн зохиолч Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” балетын Монголын тайзнаа тавигдсаны 60 жилийн түүхэн ой тохионо. Энэхүү балет Монголын хамгийн анхны балет гэдгээрээ түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг. (Архив ВИДЕО)

Он гараад Төрийн хошой шагналт Д.Нацагдорж агсны "Гүнгэрийн гүнж" дуурийн нээлтийг хийнэ. Одоо үйлдвэрлэлийн ажил явагдаж байна.

-Энэ онд санхүүгийн хүндхэн жил байлаа. Гэлээ ч уран бүтээлчид маань үзэгч түмэндээ уран бүтээлээ тасралтгүй хүргэлээ. Театрын үзэгч түмэндээ хандаад юу хэлэх вэ?

Ер нь ямарваа нэгэн уран бүтээл хийхэд санхүүгийн асуудал их чухал байдаг. Энэ жилийн хувьд ч тэр энэ зовлон их байлаа. Уран бүтээлийн төсвийн мөнгө 9 дүгээр сараас хойш орж ирсэнгүй. Ингээд ирэхээр маш олон ажилд хүндрэл үүсэж байна. Гэхдээ ийм ч хүндрэл байна гээд суугаад байвал яаж хөгжих билээ. Нэгэнт төлөвлөчихсөн ажил учраас бид хөтөлбөрийн дагуу үзэгч түмэндээ бүтээлээ хүргэх ёстой. Бид энэ жил нийт 500 гаруй сая төгрөгийг хандиваас босгож чадсан байна. Энд би маш олон байгуулагад талархаж байгаагаа хэлмээр байна. БСШУЯ, "Сэрж меценат сан", Монгол дахь АНУ, ОХУ,  Франц, БНСУ, Туркийн ЭСЯ болон Бээжин дэх Австрийн ЭСЯ, “Төгөлдөр сан”, МИАТ гээд бидэнтэй хамтарч ажилладаг маш олон байгууллага байна. Бүгдэд нь энэ дашрамд талархаж байгаагаа хэлмээр байна. Улсын төсвөөс бид 200 сая хүрэхгүй төгрөгийн уран бүтээлийн зардалтай. Гэтэл энэхүү төсвөөр бид уран бүтээлээ хийнэ гэвэл хэзээ ч чадахгүй. Тиймээс энэ жил маш олон газартай ажиллаж чадлаа. Тэгж байж бид олон бүтээлийг ард түмэндээ тавьсан байгаа.

Дэлхийн тавцанд нэрээ дуурсгасан уран бүтээлчдийнхээ тайлан тоглолтыг хийж, театрынхаа хамгийн анхны ууган балетын нэгэн жарны ойг тэмдэглэх, шинэхэн дуурь, балетыг бүтээх гээд бидний хувьд үзэгчиддээ өргөн барих бэлэг арвинтай нэгэн шинэ улирал эхлэх гэж байна. Бидний хүч хөдөлмөр эрхэм таны зүрхний нандин утсыг хөндөж, дэлхийн урлагийг хөдөлгөж чадвал энэ театрын хамт олны туйлын зорилго биелэх болно. Та бүхэнд сайн сайхан, ариун гэгээн бүхний дээдийг ерөөе.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна