"Эгшиглэнт чимээ" ялагчаар тодорлоо

2015 оны 12 сарын 14

Дэлхийд алдартай телевизийн шоуг Монголдоо зохион байгуулах эрхийг “МонголHD” авсан. Өнгөрсөн хавраас хөдөө орон нутгаар явж авьяастнуудаа сонгосон "Авьяаслаг монголчууд шоу өнгөрөгч 9 дүгээр сарын 20-ноос эхэлсэн билээ. Тэгвэл финалын шатны шалгаруулалт өчигдөр болж, ялагчаар Дархан-Уул аймгийн хөгжмийн "Эгшиглэнт чимээ" хамтлаг шалгарлаа. Тэдний хувьд финалын шалгаруулалтад хамгийн өндөр саналыг авч олон сар үргэлжилсэн шоуны ялагч болсон юм.

Дархан-Уул аймгийн “Эгшиглэнт чимээ” xамтлагийн багш С.Жамъяанхорол нь насаараа хөгжим бүжгийн багш хийсэн хүн бөгөөд тэрбээр 40 гаруй төрлийн 400 гаруй хөгтэй хөгжмийн зэмсэгийг өөрөө хийж урлажээ. Бас нэг сонирхолтой мэдээ хэлэхэд уг дэлхийн хэмжээний шоуг зохион байгуулсан орчин үеийн техник технологийн бүх гайхамшгийг харуулсан тайз нь “Соrporate” зочид буудлын шинэ урлагийн театр юм. Үүнийг бүтээн байгуулсан хүн нь Т.Ганболд. Тэрээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн оргил үед захирал байж тухайн үедээ дарханчуудын дунд маш нэр хүндтэй байсан нэгэн юм. Т.Ганболд өчигдөр хаалтын тоглолтыг үзэж, дарханчуудынхаа "дээлийн захыг мушгиж" харагдсан. 

Финалын шалгаруулалтад дараах дуучин, хамтлаг, бүжигчид багтсан.

  1. А.Отгонбаяр /дуучин, барилгачин залуу/

  2. Э.Нарангарав /уран нугаралт/

  3. О.Баярсайхан /дуучин/

  4. "Янзаган хүрээ" хамтлаг /бүжиг/

  5. Б.Тэмүүлэн, М.Халиун /бүжиг/

  6. "Эгшиглэнт чимээ" хамтлаг /хөгжим/

  7. А.Уранбилэг /уран нугаралт/

  8. Х.Бархүү, Б.Мягмарцэрэн /ардын хөгжим/

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна