Tусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа

2015 оны 12 сарын 14

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг хэлэлцэн баталлаа.  Энэ оны 6 сард УИХ-аас “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас үйл ажиллагаандаа хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох, түүнийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийж хяналт тавих эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор журмыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал танилцуулсан юм.

Журмын төсөлд утсаар болон цахимаар иргэдээс санал авснаас гадна дүүргүүдийн холбогдох мэргэжилтнүүд, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын  төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал авчээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү журмыг хэлэлцэн баталснаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”  2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм.

Журамд орсон гол гол өөрчлөлтүүдийг товчхон танилцуулахад тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д хандаж , тусгай зөвшөөрөл хүссэн болгон зөвшөөрлөө авах боломжтой болсон. Мөн тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөлж, 6-8 төрлийн бичиг баримтыг 4 төрөл болгожээ. Журамд хүсэлт гаргагч нь шинээр үйл ажиллагаа эхлэхээс өмнө 1 цэгийн үйлчилгээний Хүнс худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэнээс мэргэжлийн зөвлөгөө авсан байна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тохижилт хийгдсэн байна, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн байна, тухайн дүүргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй болон суутгасан татварын тооцоо хийгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгоно гэсэн заалтуудыг нэмж оруулжээ.

Журмыг хориглох зүйлд нийтийн зориулалттай орон сууцанд “Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасны дагуу орон сууцны үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно гэсэн бол тусгай зөвшөөрөлтэй газруудад тавигдах шаардлагын дагуу Мэргэжлийн хяналт болон цагдаа, онцгой, татварын байгууллагууд чиглэлийн болон төлөвлөгөөт шалгалтыг хийж хяналт тавьж ажиллана гэсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна