Хямрал бол өсөлтийн эхлэл...

2015 оны 12 сарын 14

-Бизнесийн дүүрэг ба ирээдүйн үнэ цэнэ-

Манайхан хаа сайгүй хямарсан тухай ярьцгааж, гар дээр ч бэлэн мөнгө байхаа больсон талаар нэг нэгэндээ ярина. Бас сүйхээтэй зарим нь хямралын үеэр амжиж үл хөдлөх хөрөнгө авахаа мартуузай гэж нэгэндээ захина. Хямрал бодит байдал болж нүүрлэсэн ч үүний давуу талыг ашиглах нь ухаантай хүний алхам ажээ.

Дэлхийн хот бүрт бизнесийн дүүрэг гэж бий. Тэнд тухайн улс орны эдийн засгийн цөмийг нь зангидаж, санхүүгийн гал тогоо нь буцалж, үнэ цэнэ нь тогтвортой өсч байдаг ажээ.

“Хямрал бол боломж юм ” гэсэн үг байдаг. Чухам хямралын үеийн боломжийг ашиглаж чадах нь жинхэнэ ухаалаг нэгний, ясны бизнесмэн хүмүүсийн чанар байдаг бололтой. Олон улсын туршлагаас харахад ч эдийн засгийн хямралын дараа бодит өсөлтүүд бий болж, олон боломжууд нээгдсэн нь анзаарагддаг. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралыг бид сайн мэднэ. Үүнийг 1929-1930 оны дэлхийн эдийн засгийн их уналтын дараа тооцогдох хамгийн ноцтой хямрал гэж үздэг. 158 жилийн түүхтэй хөрөнгө оруулалтын “Lehman Brothers,” банк дампуурч араас нь “Merrill Lynch”, “Goldman Sacks”, “Morgan Stanley” нар явчихаа дөхсөн. Тухайн үед дэлхийн хоёрдугаар дайны үед хямраагүйгээрээ хямарлаа хэмээж байлаа.

Харин хямралууд дундаа толгой цохидог энэхүү эдийн засгийн хямралын дараа дэлхийн олон оронд боломжууд нээгдэж, эдийн засгийн бодитой өсөлтүүд гарсан байдаг юм. Монголчууд хүртэл 2008 онд эдийн засгийн хямралын улмаас ОУВС-гийн станд бай хөтөлбөрт шилжиж байсан. Тухайн үедээ нэг их дуулиан шуугиан болоогүй ч бид яалт ч үгүй гадны хүмүүсийн хэлсэн зааврыг дагаснаар хямралын ард гарч байлаа. Харин 2011 онд манай эдийн засгийн өсөлт 17,4 хувьд хүрч бид хурдацтай эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд нэгдүгээрт бичигдэж байв. Тухайн үед “CNN”-ийн хөтлөгч “Та дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө хамгийн хурдацтай байгаа орныг хаанах гэж бодож байна вэ. Катар гэж үү, үгүй ээ. Энэ бол Монгол” гэж зарлаж байсан удаатай.

Хямрал болдог ч боломжууд дандаа байдаг, бас өсөлтүүд бодитоор ирдэг нь уламжлал болжээ. Бас эдийн засгийн хямралын дараагаас дэлхийн улс орнуудын хотуудад томоохон бизнес дүүргүүд баригдаж, бий болсон байдаг юм. Хүйтэн дайны үед зүүн, баруун Герман аль аль нь өөрийн гэсэн төвлөрсөн дүүрэгтэй байсан. Гэвч 1990 онд Берлиний ханыг нураасны дараагаас үүссэн бизнесийн дүүрэг өнөөдөр хамгийн чухалд нь тооцогдож байна. Дэлхийн томоохон бизнесийн дүүрэг гэж онцлогддог Бээжин хотын бизнес дүүрэг 2008 оны үеэс одоогийн дүр төрхөө олсон гэгддэг билээ. 1960-1970-аад оны зургаас харахад жинхэнэ шавар тагзууд байсан уг дүүрэгт өнөөдөр дэлхийн хэмжээний томоохон бизнес яригдаж байна.

Бээжингийн бизнесийн төв дүүрэг нь 3,99 км2 газар нутгийн эзлэн оршдог. Хотын жинхэнэ амин зүрхэнд гэж ойлгож болно. Энд санхүү, хэвлэл мэдээлэл, бизнесийн томоохон байгууллагууд бий. CCTV, Хятадын дэлхийн худалдааны төвийн цамхаг, “Jianwai SOHO”, “Yitai”, “WTC” гээд бүгд байна. Засгийн газраас нь энэ бүс нутгийг бизнесийн төв болгох ерөнхий төлөвлөгөөг гаргаад ердөө найман жилийн дараа гэхэд энэ дүүрэгт санхүү, хэвлэл мэдээлэл, мэдээллийн технологи, аж үйлдвэрийн зөвлөх 500 байгууллага оффислон суух болжээ. Хятадад ажилладаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын 60 хувь нь энэ дүүрэгт байдаг гээд бод доо. Энэ бол яах аргагүй Хятадын төдийгүй дэлхийн томоохон бизнесийн дүүрэг болчихоод байгаа юм. Бас гадны ЭСЯ-дууд энэ дүүрэгт үгүй юм гэхэд ийшээ ойртон байршлаа сонгохоор оролдох болжээ.

БНСУ-д Жунг гу дүүргийг Сөүлийн бизнесийн дүүрэг хэмээдэг. Хан мөрний хойд хэсэгт орших энэ дүүрэгт “Hanhwa”, “Hanjin”, “SK Telecom”, “LG U+”, “Daewoo International”, “Ssangyong Cement”, “Daewoo Shipbuilding & Marine Engineering”, “Lotte Shopping” бий. Мөн бизнес санхүүгийн ихэнх том компаниуд, банкууд байрладаг. Зүгээр нэрийг нь сонсоход манайханд танил байх. “KB Financial Group”, “Korea Life Insurance”, “Samsung Life Insurance”, “Industrial Bank of Korea”, “Korean Exchange Bank”, “Samsung Card”. Мөн нэр хүндтэй гол сонины газрууд “The Chosun Ilbo”, “JoongAng Ilbo”, “The Dong-a Ilbo” энд байдаг. Гадны компаниуд тэр дундаа “Air France”, “All Nippon Airways”, “Air China”-гийн төлөөлөгчийн газрууд байрлаж байх жишээтэй. Жосонг хааны үеэс номын эрдэмд шамдан, бичгийн хүн болохоор ордны шалгалт өгөх гэсэн сурагчдыг сургаж, шалгадаг байсан энэ газар өдгөө бизнес худалдааны гол төв болсон нь учиртай биз ээ. Ийм газрын үнэ хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Энэ байрлалд авсан үл хөдлөх хөрөнгө хуучирлаа гэж үнэ буудаггүй, харин дандаа үнэ өртөг нь нэмэгдэж байдаг бичигдээгүй хууль бий. Нью-Йоркийн Манхэттэн бол АНУ-ын төдийгүй дэлхийд томдоо орох бизнесийн дүүрэг. Энд НҮБ-ын төв байр нь байрладаг болоод ч тэр үү, үнэ цэнэ нь жилээс жилд өссөөр байгаа. Уг нь хэн ч тоохгүй далайн эргийн хог новшиндоо дарагдсан газар байсан гэдэг. Манай хуучны Ногоон нуур орчим юм уу даа. Уг нь байрлал тун давгүй, бүх зүйлдээ ойр боловч тэнд үнэ шингээх юу ч байгаагүй хэрэг. Ийм газрууд төлөвлөлт хийж, бүтээн байгуулалт босгоод ирэхээр хамгийн ашигтай байрлал дахь хамгийн нэр хүндтэй дүүрэг болдог юм даа. НҮБ-ын байрыг барих ажиллагаа 1949 онд эхэлсэн ажээ. Нийт 69 мянган га газрыг 8.5 сая ам.доллараар авч байжээ. Тэр үед газар хямд тэр дундаа хог новшоор дүүрсэн Яст мэлхийн булан нэртэй тэр газрынх бүр хямд байжээ. Харин одоо хэдэн тэрбумыг амлаад ч олж авахгүй биз. Манхэттэнд Монголын НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын байр бий. Зургаан давхар хуучны энэ байрыг өндөр үнэ цохин авах хүсэлтээ америкчууд байнга илэрхийлдэг гэсэн. 1961 онд НҮБ-д элссэн манай улс 1964 онд тэр байраа бас л боломжийн үнээр худалдан авч байжээ. Гэтэл одоо байшин нь хуучирсан гэдэг нь хэнд ч хамаагүй, үнэтэй болсон нь чухам Манхэттэнд байрладаг учраас л тэр шүү дээ. Дональд Трампийн шилэн хар байшин НҮБ-ын төв байрны өмнө сүндэрлэсэн нь бас нэгийг хэлнэ.

Дэлхийн хот бүрт бизнесийн дүүрэг гэж бий. Тэнд тухайн улс орны эдийн засгийн цөмийг нь зангидаж, санхүүгийн гал тогоо нь буцалж, үнэ цэнэ нь тогтвортой өсч байдаг ажээ.

Харин манай нийслэлд бизнесийн дүүрэг гэж байна уу. Бизнесийн дүүрэг гэж 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийг, Урт цагааны оготны нүх шиг газруудыг хэлэхгүй л дээ. Манай нийслэлд олон банкны барилга, олон том оффисын барилгууд бий. Гэхдээ бүгд талын нэг тарсан. Гаднаа зогсоолоо ч шийдэж чадаагүй. Нэг төлөвлөлт, нэг бодлогоор шийдсэн дэлхийн үнэ цэнэтэй бизнесийн дүүрэг шиг тийм төвлөрөл, тийм дүүрэг бидэнд байна уу?

Үргэлжлэл бий...

Д.ҮЗЭГТЭН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна