Мал эмнэлэг, Малжуулах төслүүдийн ашиг тусыг малчид хүртэж байна

2015 оны 12 сарын 14

“Малын эрүүл мэнд”, “Малжуулах” төслүүд нь “АРЕВА Монгол” компанийн салшгүй чухал ажил юм. Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багийн малчид уг төслүүдийн үйлчилгээг үнэгүй авч, ашиг тусыг нь хүртэж буй учраас тэр юм.

Мал эмнэлгийн оролцооны үйлчилгээ үнэгүй авдаг “азтай” малчид

Монголд малын түргэн тусламжийн үйлчилгээг хоёрхон суманд үзүүлж байна. Нэг нь Дорноговийн Улаанбадрах сум. Улаанбадрахын дөрвөн багийн малчид малдаа асуудал гарангуут утсаараа дуудлага өгөөд үзүүлж байна. Нөгөө нь тус аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг.

“Мал эмнэлгийн үйлчилгээ, малчдын хамтын санаачилгыг дэмжих” төслийг “АРЕВА Монгол” компани бүрэн санхүүжүүлж байгаагийн ачаар мал эмнэлгийн оролцооны энэхүү үйлчилгээ малчдад хүрч байна. Хоёр жилийн хугацаатай, нэг тэрбум 300 гаруй сая төгрөгөөр санхүүжиж буй уг төслийн үйлчилгээнд малчид баяртай байна.

Тус төслийн “Мал эмнэлгийн оролцооны нэгж” (МЭОН) хоёр монгол, нэг туршлагатай гадаад малын эмчтэйгээр ажиллаж байна. Тус нэгж Сайншанд сумын төвд байрлаж, тэндээс мал эмнэлгийн оролцооны үйлчилгээ үзүүлдэг. МЭОН-д өгсөн дуудлагын дагуу малын эмч нар 2015 оны 11 сарын байдлаар 492 малчин айлын хотонд очиж 807 малд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлээд байгаа гэнэ. 2014 оны 11 дүгээр сард уг төсөл нээлтээ хийсэн аж.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн малчин Л.Оюунбилэгтэй ярилцахад тэрээр “Малын эмч нараа дуудаад л үзүүлчихэж байна. Заримдаа хүний өмнөөс малтай байгаа юм шиг санаа зовох үе гарна шүү. Утасдангуут тэр холоос цаг алдахгүй хүрээд ирдэг юм...“АРЕВА Монгол” компанийн малчдын төлөө анхаарал тавьсан ихээхэн бодитой ажлыг дэмжиж байна. Бидний малыг эрүүлжүүлэхийн төлөө тун буянтай ажлыг санхүүжүүлж эхэлсэнд нь баярлаж сууна. Бидэнд эрүүл мах, эрүүл сүү цагаа идүүлэхийн төлөө зүтгэж байгаа улс эднээс өөр алга. Мал өвдлөө гээд дуудахад л хүрээд ирж байна. Аль зуун км-ын цаанаас хүний түргэнээс хурдан ирж байна шүү дээ” гэж ирээд сэтгэгдлээ хуваалцлаа.

Харин Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Д.Мөнхсуурь: “Өмнө нь ийм үйлчилгээ байгаагүй. Малаа анагаах уламжлалт арга байдаг ч бидний мэдэхгүй өвчин их байна. Эмч нарт дуудлага өгөхөөр цаг алдалгүй ирж эмчилгээ хийгээд явдаг. Цагаа олсон үйлчилгээ гэж бодож байна” хэмээн сурвалжлагчид ярьсан юм.

120 хувийн мал эмнэлгүүдийг эгнээндээ гишүүнээр нэгтгэсэн “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо” (МНХМЭДХ) уг төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийг хэрэгжүүлэхдээ түншээрээ мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа Францын олон улсын эв нэгдлийн байгууллага “Хил хязгааргүй агрономич, малын эмч нар” (ХХАМЭ) нийгэмлэгийг МНХМЭДХ сонгожээ.

2015 оны 10 сараас эхлэн уг төслөөс гаргаж буй сар бүрийн Мэдээллийн хуудсаар дамжуулан малчдад тухайн сард хэдэн малчинд үйлчилгээ үзүүлсэн, малын ямар өвчлөл тухайн сард төслийн үйл ажиллагааны нутаг дэвсгэрт зонхилсон тухай мэдээлж байна. Мэдээллийн хуудаст мөн тодорхой малын өвчлөлүүдийн тухай шинж тэмдэг, тархац, анхны тусламж яаж үзүүлэх тухай мэдэллүүд багтжээ. Миний урд байгаа 10 дугаар сарын мэдээллийн хуудаст нь МНХМЭДХ-ийн 10 дугаар сарын ажлын төлөвлөгөө, үүнд “Бэлчээр, бэлчээрийн менежмент” сэдэвт сургалт зохион байгуулах тухай мэдээлээд сургалтанд ирсэн малчин бүрт Баялаг эрдэс тэжээлийн бэлэг өгөх талаар мэдээлжээ. Мэдээллийн тараах хуудас бүртээ түргэн тусламжийн малын эмч нарын утасны дугаарыг бичиж гаргадаг юм байна.

“Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо” өнгөрсөн хавар төсөл хэрэгжиж буй нутгийн малчдын малыг нь угааж туулга хийж өгчээ. Өмнө нь туулга хийж, угааж байгаагүй хэмээн малчин Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн малчин Л.Оюунбилэг ярьж байсан юм.

Дуудлага өгсөн малчид таруу байршилтай учраас талдаа 160 км газар явж хүрэх нь энүүхэнд гэнэ. Зарим тохиолдолд талдаа 180 км зам туулах үе ч гардаг байна. Өдөрт дунджаар таван айлд хүрч үйлчилдэг гэж “Хил хязгааргүй агрономчид, малын эмч нар” байгууллагын малын эмч Э.Майнбаяр сонирхууллаа. Ачаалалтай үед арав хүртэл айлд үйлчилсэн тохиолдол ч гарчээ.

“Хил хязгааргүй агрономчид, малын эмч нар” байгууллагын монгол ахлах малын эмч ярихдаа: “Бид малчдад дуудлагын утсаа тараасан. Малчид манай үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа гэж би хувьдаа ойлгож байна. Мал эмнэлэг хувьчлагдсанаас хойш малчин хүн ямар ч үйлчилгээ авсан мөнгө төлдөг болсон. Мал эмнэлгийн үйлчилгээ сул байсан. Манай төслийн хувьд дуудлагын хөлс гэж авдаггүй. Эмчилгээ хийж, зөвлөгөө өгсөний хөлс ч гэж авахгүй. Зөвхөн эм, тарианы мөнгийг л малчнаас авдаг. Олон улсын стандартын шаардлага хангасан, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй, чанартай эм тариагаар үйлчилж байна” гэсэн юм.

Мэдээллийн хуудсаны 10 дугаар сарын дугаарт МЭОН-ээс 16 малчны 30 малд малчдын өгсөн дуудлагын дагуу очиж үйлчилгээ үзүүлсэн тухай гарчээ. Өмнөх сард нь хамгийн их эмчилсэн малын өвчин нь нян, вирусын гаралтай уушгины халдвар, шимэгч, вирус, нянгийн гаралтай чацга алдалт, салхи, элс шороо болон нянгаас шалтгаалсан нүдний үрэвсэл, сахуу, гэдэсний түгжрэл зэрэг байсан тухай малын эмч нар малчдад зориулсан уг хуудаст бичсэн байна. МЭОН-ын малын эмч нар мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна үзсэн малдаа ямар онош тавьсан тухай малчдад нээлттэй мэдээлж байна.

“Малжуулах” төсөл зарим айл өрхөд дэм болж байна

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутгаар зуд болж малчид байгалийн гамшигт өртсөн 2006 оноос “АРЕВА Монгол” компани “Малжуулах” төслийг сумын хоёр өрхөд тусалсанаар эхэлжээ. Улаанбадрах сумын удирдлага “АРЕВА Монгол” компанид хүсэлт гаргасны дагуу зудад хамгийн их нэрвэгдсэн сумын 2 өрхөд тодорхой нөхцөлтэйгээр мал өгч, хүнд байдлаас гарахад нь тусалж. Харин Сайншанд сумын Зүүнбаян багт “Малжуулах” төсөл 2011 оноос хэрэгжиж байгаа юм байна.

2008 онд Улаанбадрах сумын нийт 12 өрхийг уг төсөлд хамруулжээ. Ингэхдээ нийт 540 толгой малыг зудад нэрвэгдсэн 12 өрхөд хуваарилан зээл хэлбэрээр өгч, 2 жил маллуулж, харин гарсан төл болоод ашиг шимийг нь малчид авах нөхцөлтэйгээр төслийг хэрэгжүүлж байна. Хоёр жилийн дараа төслийн үндсэн сүргийг дараагийн өрх айлд өгөн, адил нөхцөлтэйгээр маллуулах хэлбэрээр үргэлжлүүлэн хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд тус сумын 46 өрхийн малын тоо 2000 орчмоор өнгөрсөн жилийн намар гэхэд нэмэгджээ.

“АРЕВА Монгол” компанийн хэрэгжүүлж байгаа “Малжуулах” төсөлд одоогийн байдлаар нийт 52 өрх буюу Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 40 өрх, Сайншанд сумын Зүүнбаян багт 6 өрх, мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 8 өрхийг хамрагджээ. Төслийг хэрэгжүүлэхэд “АРЕВА Монгол” ХХК-иас нийтдээ 28 сая орчим төгрөгийн зардал гарчээ. Одоо энэ төсөл өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болж, ирэх онуудад амжилттай үргэлжлэх баталгаатай болсон нь малчдыг баярлуулж байгаа юм.

Энэ талаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Улаанбадрах сумын 3-р багийн малчин н.Бадамцэцэг чин сэтгэлээсээ талархан ярьж байлаа. Тэрээр “Малжуулах төслийн үр ашиг үнэхээр их байгаа. Мал маллахыг хүссэн залуу малчдыг дэмжиж, бага малтай малчдыг олон малтай болгож өгч байгаа нь үнэхээр тустай зүйл болж байна. Миний хувьд 2012 онд энэ төсөлд хамрагдаж мал авсан. Энэ жилийн төлтэйгээ нийлээд хоёр жилийн дотор 90 төл малыг өөрсөддөө авч үлдэж чадсан. Бас сүү, ноос ноолуур гээд төслөөр өгсөн малын ашиг шимийг нь ашиглалаа. Анх төсөлд хамрагдах үедээ 100-аад малтай л байсан. Ноднин дараагийн айлдаа төслийн малыг шилжүүлэх болоход энэ төслийн ачаар 220 орчим малтай болсон.Үнэхээр их баярлаж байна. Энэ төслийг үргэлжлүүлж, олон хүнд тус болоорой гэж хүсч байгаа” гэсэн юм. Энэ намар н.Бадамцэцэгийнх “АРЕВА Монгол” компанийн хэрэгжүүлж байгаа төслөөр авсан малаа дараагийн айлдаа шилжүүлэн өгсөн ч хот дүүрэн малтай болоод үлджээ.

Сайн тоног төхөөрөмжтэй аймаг, сум, багийн сайн эмнэлгүүд

11 сар саяхан улирч байгаа энэ үед АРЕВА групп Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, түүний ариутгалын багаж, болон нүдний оношлогооны кабинетын цоо шинэ тоног төхөөрөмжийг хандивлаж байсан нь саяхан мэт санагдана. Энэхүү үйл явдал 2013 оны 11 сард болж байжээ. Энэхүү хандивын тусламжтайгаар мэргэжлийн дурангийн хагалгаа хийх боломж анх удаа нийт аймгуудын дунд Дорноговь аймагт хоёр жилийн өмнө бий болжээ. Түүнээс хойш тус аймгийн болон Говийн бүсийн ард иргэд Улаанбаатар хот руу явж цаг үрж, зардал чирэгдэл бололгүйгээр орон нутагтаа хэвлийн хөндийн дурангийн мэс засал, нүдний оношлогоо хийлгэж байгаа юм байна.

“АРЕВА” групп эмнэлгийн тоног төхөөрөмжийг 344 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлсэн бол ашиглах талаар Францын Аксион Монголий ТББ эмнэлгийн боловсон хүчнийг сургаж, сургалтыг нь санхүүжүүлжээ.

Үүнээс өмнө Улаанбаатар хот дахь Шастины нэрэмжит Нэгдсэн 3-р эмнэлэгт дурангийн мэс заслын ийм аппаратыг 2010 онд “АРЕВА” корпорацийн сан Аксион Монголи ТББ-тай хамтран хандивлаж байсан аж.

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт “АРЕВА Монгол”, “КОЖЕГОВЬ” компани өмнө нь түргэн тусламжийн бүрэн тоноглосон машин, тархины бичлэгийн аппарат бэлэглэх зэргээр 2005 оноос санхүүгийн дэмжлэг үзүүлж ирж. Түүнчлэн, хоёр жилийн өмнө Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн эмнэлэгт Шүдний эмчилгээний кабинетын бүрэн тоног төхөөрөмж, татлагын ор, зүрхний бичлэг, шарлагын төхөөрөмж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын эмнэлэгт бүрэн тоноглосон түргэн тусламжийн машин “АРЕВА Монгол” компани бэлэглэжээ.

Төгсгөлд нь тэмдэглэхэд, “АРЕВА Монгол” компанийн охин компани “КОЖЕГОВЬ” компанийг дээр нэр дурьдагдсан нутагт ураны хайгуул хийж буйг уншигчид мэднэ. Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багийн иргэд “АРЕВА Монгол” компанийн бэлэглэсэн төхөөрөмжүүдийн тусламжтай эмчилгээ хийлгэж, тус компанийн Мал эмнэлгийн болон Малжуулах төслүүд иргэдийн амьдрал ахуйд хувь нэмэр болж байгаад малчид талархаж байна.

Г.ОДОН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна