Орон нутгийн өвөлжилт ямар байна вэ?

2015 оны 12 сарын 14

Аймгуудад өвөлжилтийн байдал ямар байгаа талаар тодрууллаа. Энэ удаа Дархан-Уул, Хөвсгөл, Баянхонгор, Дорноговь аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нараас тодруулсан юм.

-Танай аймагт өвөлжилтийн байдал ямар байна вэ?

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Гантулга: -Манай аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 98 хувьтай хангагдсан. Цаг агаарын байдал тогтуун, ихэнх нутгаар хүндрэл багатай байна.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Г.Энхболд: -Бид саяхан төсвөө баталсан. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэлийн талаар ярилцсан. Одоогоор манай аймагт олон жилийн дунджаас харьцангуй дулаан байна. Нийт нутгийн 60-70 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа. Гэхдээ одоогийн байдлаар ноцтой хүндэрсэн асуудал байхгүй. Урьдчилсан байдлаар сэрэмжтэй байж, нөөцөө бэлдсэн. Мөн малчдад хүнд өвөл болж магадгүй гэдэг сэрэмжлүүлэг өгсөн учраас гайгүй даваад гарчих болов уу.

Баянхонгор сумын Засаг дарга Ж.Төмөрбаатар: -Манай аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл хангуулах тал дээр маш сайн арга хэмжээ авсан. Зөвхөн захиргааны хэмжээнд ч биш, малчид өөрсдөө бэлтгэлтэй байхыг сануулж ажилласан. Баянхонгор аймгийн Хангайн бүсийн долоон сумд цас эрт орсон. Одоо нэмэгдэж орвол өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Харин Говийн бүсээр харьцангуй тогтуун байна. Энэ жил зуншлага сайхан байсан.

Дорноговь аймгийн “Чандмань-Илч” ОНӨ ХХК-ийн захирал Б.Төмөрхуяг: -Манай аймаг 7, 8 дугаар сараас эхлэн өвөлжилтийн бэлтгэл ажил эхэлсэн. Аймгийн хэмжээнд ихэнхи суманд өвс хадах боломжгүй, бэлчээрийн нөхцөл байдалтай байгаа учир бусад аймгаас бэлтгэдэг. Төв суурин газруудын дулаан хангамж одоогийн байдлаар доголдолгүй, сайн явж байна. 10 дугаар сарын сүүлч, 11 дүгээр сарын эхээр цас их орлоо. Ялангуяа хойд сумуудаар өвөлжилт хүндрэх хандлага ажиглагдаж байна. Харин сүүлийн долоо хоногт цаг агаар дулаарч байгаа тул малчид бага зэрэг амьсгаа авч байна. Гэхдээ хүндэрсэн гэхээсээ илүү цасны зузаан ихтэй, бэлчээрийн нөхцөл байдал таагүй байгаа Алтан ширээ, Айраг, Даланжаргалан гэх мэт таван сум байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна