А.Ганбаатар: Хожигдлоос айж хөгжлөөс ухрахгүй

2015 оны 12 сарын 14

"Алтан бөмбөг" ёслолын ажиллагаан дээр Хотын дарга Э.Бат-Үүл тэрбум төгрөгний тэмцээн зохиохоо амлалаа

Хөлбөмбөг гэдэг агуу спорт Монгол улсад үүсэж хөгжин өөрсдийн холбоогоо байгуулаад 56 жилийг үдэж байгаа билээ. Энэ хугацаанд үе үеийн төлөөлөл болсон  тамирчид, дасгалжуулагчид гээд бид бүхний өнөө үетэй золгох тэрхүү сайхан замын гүүр нь болсон хүмүүсийг бид мартах учиргүй.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2015 онд түүхийн нэгэн шинэ хуудсыг бичиж, өнгөрөгч онд хийж бүтээсэн ажлаа дүгнэн оны төгсгөлд хөлбөмбөгийн шилдгүүдээ алдаршуулж Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолын ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

/Гэрэл зургийг Ч.Ганбат/

Хүрэлцэн ирсэн хүндэт зочдын царайнаас танхимийн уур амьсгал гайхалтай байгааг бэлхэнээ мэдэх боломжтой. Бөмбөрийн нүргээн танхимд суух зочдыг удирдан хөглөж “Алтан бөмбөг” ёслолыг албан ёсоор эхлүүллээ. Үүний дараагаар Монголын Хөлбөмбөгийн холбооны 2015 онд хийж бүтээсэн тэрхүү агшиныг дүрс бичлэгээр үзүүллээ.

Ингээд ёслолын ажиллагааг нээж МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар хэлсэн үгэндээ “Монголын хөлбөмбөгийн үгсийн сангаас БИ гэдэг үгийг хасья. Үүнээс цааш БИД гэж ярьж бид хамтдаа бүтээх болно. Бөмбөг олон талстаас бүтдэг шиг “Монголын Хөлбөмбөг”-ийн хөгжил тамирчин, дасгалжуулагч, үзэгч хөгжөөн дэмжигчид, спонсор ивээн тэтгэгчид, төр засгийн дэмжлэг болон сэтгүүлчид хэвлэл мэдээлэл гэсэн маш олон нэгдлээс бүрддэг багийн спорт билээ. Ирэх онд хамтдаа илүү их зүйлийг хийж "НЭГ БАГ, НЭГ ЗОРИЛГО" уриан дор нэгдэн хамтдаа зүтгэцгээе. Хожигдлоос айж хөгжлөөс ухрахгүй  гэдгийг онцоллоо.

/Гэрэл зургийг Ч.Ганбат/

Монголын морин хуурын чуулга үүний дараагаар тайзыг эзэгнэн олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-ийн сүлд дууг язгуур хөгжмөөр эгшиглүүлсэн нь өвөрмөц бөгөөд гайхалтай байсныг нуух юун.

"Алтан бөмбөг" шагналын ШИЛДЭГ ШҮҮГЧ номинаци.

“Алтан бөмбөг” шагналын  хамгийн эхний номинаци буюу шилдэг шүүгчийг тодруулахаар МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, Шүүгчдийн Хорооны дарга ноён М.Батболд болон GN Beverages "ХХК"-ийн захирал хатагтай Д.Эрдэнэчимэг нар хүндэт индэр дээр хамтдаа гарч ирлээ. Ингээд дугтуйг нээн нэрийг дуудахад шилдэг шүүгчээр Болдын Хаш-Эрдэнэ нийт 99 оноотойгоор “Алтан бөмбөг” шагналын эзэн боллоо. Тэрээр 8 жил тасралтгүй шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд МХБХ-ны 1-р зэргийн шүүгчийн зэрэглэлтэй Монгол Улсын шүүгч юм.

"Алтан бөмбөг" шагналын ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ номинаци.

Үүний дараагаар шилдэг дасгалжуулагчийн шагналыг гардуулахаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсандоржийн Сандагдорж болон ЭМСЯ-ны газрын дарга Х.Бакитжан нар гардуулсан юм. "Алтан бөмбөг" 2015 наадмын шилдгээр “Эрчим” клүбийн дасгалжуулагч Д.Батнасан болон З.Баттулга нар тодорлоо. Хоёр дасгалжуулагч нэгэн зэрэг энэхүү шагналыг гардан авсан нь түүхэнд үлдэх ховорхон тохиолдлын нэг байлаа.

Арга хэмжээ дээд түвшинд зохион байгуулагдаж бүх зүйлс дэс дараатай, цаг хугацаатай сайхан болж байлаа.

"Алтан бөмбөг" шагналын ШИЛДЭГ ГООЛ номинаци.

Хөлбөмбөгчид бид бүхний энэхүү дурсамжит баярын өдрийн дараагийн нэгэн номинаци буюу “Алтан бөмбөг”-ийн шилдэг гоолын эзнийг тодруулахаар МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал, NTV телевизийн захирал А.Баярбат нар хүндэт индэр дээр гарч ирлээ. Шилдэг гоолын сүүлийн шатанд  “ФС Улаанбаатар” клүбийн хагас хамгаалагч О.Баяржаргал, “Сэлэнгэпресс” клүбийн хамгаалагч Б.Гарьдмагнай мөн “Улаанбаатарын Унаганууд” багийн довтлогч Ц.Түмэнжаргал нар шалгаран үлдээд байсан юм. Улмаар саналын илүүтэйгээр “Сэлэнгэпресс” клүбийн хамгаалагч Б.Гарьдмагнайгийн “Хоромхон” клүбийн эсрэг оруулсан гоол түүнд “Алтан бөмбөг” шагналыг авчирлаа.

"Алтан бөмбөг" шагналын "ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ" тоглогч номинаци.

МХБХ энэ жилээс эхлэн охид эмэгтэйчүүдийн гадаа талбайн лигийн тэмцээнийг 8 багийн дунд амжилттай зохион байгуулсан билээ. Уг тэмцээн цаашид уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд анхны шилдгээ ийнхүү тодрууллаа. Шилдэг эмэгтэй тамирчинд шагналыг гардуулахаар МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Хорооны дарга ноён Б.Болдбаатар болон УИХ-ын гишүүн М.Батчимэг нар гардууллаа. Саналын үр дүнгээр “Хад” клүбийн тамирчин Б.Намуун тодорч анхны “Алтан бөмбөг” хүртсэн эмэгтэй тамирчнаар тодорлоо.

/Гэрэл зургийг Ч.Ганбат/

"Алтан бөмбөг" шагналын ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ тоглогч номинаци.

Энэ үдшийн хамгийн их сэтгэл догдлуулсан,  хүн бүхний хүсэн хүлээсэн оргил мөч болох шилдэг эрэгтэй тамирчинг тодруулах торгон агшин тулж ирлээ. Шагналыг гардуулахаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ноён Э.Бат-Үүл болон Монголын спортын түүхэнд хамгийн том шагналыг санг амлаж, түүнийгээ өгж чадсан "Хүрхрээ" брэнд, Хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компанийн гүйцэтгэх захирал ноён О.Оргил нар гардууллаа. Шилдэг эрэгтэй тоглогчоор “ФС Улаанбаатар” клүбийн хагас хамгаалагч О.Баяржаргал тодорлоо. Түүний хувьд 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лиг  болон “Холбооны цом” тэмцээний мөнгөн медалийг давхар хүртсэн хаалттай цохилтын мастер билээ.

Шилдэг эрэгтэй тамирчинаар тодорч "Алтан бөмбөг" шагналыг гардан авсан тэрээр сэтгэгдлээсээ бид бүхэнтэй хуваалцахдаа сандарч, догдолж, баярлаж байгаагаа нуусангүй. Үнэхээр л үе тэнгийн шилдэг тамирчидтайгаа өрсөлдөж эцсийн мөчид ялагч болно гэдэг үгээр илэрхийлэх аргагүй биз.

Тэрбум төгрөгний шагналын сантай тэмцээнийг 2016 онд зохион байгуулна.

Мөн энэ үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хөлбөмбөг сонирхогчдод хандан нэгэн гэнэтийн бэлгийг задаллаа. Ирэх 2016 онд нэг тэрбум төгрөгний шагналын сантай “Нийслэлийн Цом” тэмцээн зохион байгуулах болсоныг баяртайгаар мэдэгдэе. Монголчууд нүүдэлчин ард түмэн учир ганцаарчилсан спорт түрүүлэн хөгжиж ирсэн. Одоо бид бүхэн багийн спортыг хөгжүүлж хамтдаа хөгжлийг бүтээцгээе хэмээн хэлсэн нь олон хүнд таатай санагдаж басхүү эртнээс бага тамирчдаа бэлтгэх нэгэн бодлыг дасгалжуулагч тамирчдад төрүүллээ. Үнэхээр л тэрбум төгрөг гэдэг Монголын спортын түүхэнд байгаагүй том тоо. Харин үүнийг хийх болно гэдгийг “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолын ажиллагаа дээр мэдэгдсэн нь баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал боллоо. Мөн бид бүхний сайн мэдэх 15-р хорооллын хөлбөмбөгийн талбайг гэрээний дагуу МХБХ-д хүлээлгэн өгж байна. Ингэснээр илүү олон тоглолтыг бид зэрэг явуулах боломжтой болж байгаа бөгөөд хойч үеийн хөлбөмбөгийн спортынхонд оруулж буй том хөрөнгө оруулалт боллоо.

"Алтан бөмбөг" шагналын Бэлгэдлийн шигшээ баг.

Энэхүү баяртай мэдээний дараагаар 2015 оны хөлбөмбөгийн гарааны 11 тамирчин буюу “Бэлгэдлийн шигшээ”  багийг олонд зарлалаа. Шагналыг МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүд болон МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар гардууллаа. Бэлгэдлийн шигшээ багт хаалгачаар Б.Ариунболд /Эрчим/ хамгаалагчдаар Г.Төгөлдөр/Эрчим/ Б.Гарьдмагнай /Сэлэнгэпресс/ Ц.Энхжаргал /Эрчим/ Н.Цэдэнбал /Улаанбаатарын Унаганууд/ хагас хамгаалагч Б.Батбилгүүн /Эрчим/ О.Баяржаргал /ФС Улаанбаатар/ Х.Цэнд-Аюуш /Улаанбаатарын Унаганууд/ А.Улсболд /Хоромхон/ довтлогчоор Н.Наранболд /Хоромхон/ Ц.Түмэнжаргал /Улаанбаатарын Унаганууд/ гэсэн тамирчид тодорч “Алтан бөмбөг” шагналыг гардан авлаа.

МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал

“Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны төгсгөлд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар өөрийн нэрэмжит шагналыг гардуулан өглөө. Монголын Хөлбөмбөгийн төдийгүй спортын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж өмнө нь байгаагүй 500 сая төгрөгний шагналын санг гаргаж буй “Хүрхрээ” брэнд, Хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компанийн хамт олонд чин сэтгэлийн бэлэг болгож бүхий л тамирчин, дасгалжуулагч, спортын сэтгүүлч нарын алганы хээ болсон дурсгалын зүйлийг гардуулан өглөө.

Үүний дараагаар мөн орон нутгийн идэвхтэй гишүүн болох 20 гаруй жил Монголын хөлбөмбөгийн тэмцээн уралдаанд тогтмол оролцож буй Өвөрхангай аймгийн “Хужирт” клүбт талархал илэрхийлэн шилэн цом, МХБХ-той хамтран ажилладаг  Жи Эн Бевержис “ХХК”, Пепси компани, МХБХ-ны бүхий л тэмцээн уралдааныг шууд дамжуулан эх орон даяар хүргэдэг NTV телевизийн хамт олон, Улаанбаатар Синема “ХХК” Идэрчүүдийн бүхий л тэмцээн уралдааныг ивээн тэтгэдэг “Тэнгис” кино театр болон Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах Япон дасгалжуулагчийн Монголд байх хугацаанд байраар хангах “Их Монгол” ХХК-ийн хамт олонд өөрийн нэмэржит шагналыг гардууллаа.

Ийнхүү Монголын хөлбөмбөгийн төлөө цохилох зүрхтэй хүн бүхний хүсэн хүлээсэн 2015 оны шилдгийн шилдгийг тодруулах “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа бүтэн 3 цагийн турш үргэлжилж хөшгөө хаалаа. Ирэх жилийн яаг энэ цагт бид бүхэн 2016 оны шилгүүдийг тодруулах билээ. Монголын хөлбөмбөг мандтугай.

ЭХ СУРВАЛЖ: WWW.THE-MFF.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна