“Усгал” орчин үеийн бүжгэн жүжиг ганцхан удаа тоглоно

2015 оны 12 сарын 14

Хүн төрөлхтөний мөнхийн асуулт - эрэгтэй эмэгтэй ус гал мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, арга билгийн салшгүй шүтэлцээ, тэдний тухай хэвшмэл ойлголт орчин үеийн хөгжлөөс улбаалан хэрхэн хувьсан өөрчлөгдөж, УС=ГАЛ хэмээх амаргүй тэнцвэр байх эсэхийг өгүүлсэн “Усгал” орчин үеийн бүжгэн жүжгийг Монголын Урлагийн Зөвлөлөөс толилуулах гэж байна.

Монголын Урлагийн Зөвлөл дэлхийд данстай Монгол авьяасыг дэмжих, бидний оюун санаа, итгэл үнэмшлийг шингээсэн, өрсөлдөх чадвартай бүтээлийг үндэсний болон дэлхийн үзэгчдэд хүргэх зорилгоор “Усгал” орчин үеийн бүжгэн жүжгийн төслийг санаачлан Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр 2015 оны 12-р сарын 24-ний өдөр Corporate Hotel & Convention Center-ын Концертын Танхимд Монгол, Швейцарь, Америкийн уран бүтээлчидтэй хамтран толилуулах гэж байна.

Орчин үеийн бүжгийн урлагийн хэлээр хүн төрөлхтөний мөнхийн асуулт - эрэгтэй эмэгтэй хэмээх гал ус мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, тэдний харилцан шүтэлцэл ба баяр гунигийн түүхийг энэ бүтээл өгүүлнэ. Түүгээр ч үл барам, орчин үеийн нийгмийн хөгжлөөс улбаатай эрэгтэй эмэгтэй хүний тухай бидний хэвшмэл ойлголт хэрхэн хувьсан өөрчлөгдөж, энэ өөрчлөлт бидэнд шинэ сорилт, үл ойлголцолыг авчирахын сацуу УС=ГАЛ хэмээх амаргүй тэнцвэр байх эсэх тухай чин сэтгэлийн хүүрнэл.

Тус уран бүтээлд АНУ-ын Хэдвиг орчин үеийн бүжгийн компанийн залуу бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Америкийн тайзны гэрлийн найруулагч Барри Стийл болон Швейцарийн хөгжимчин Маттю Мишель, гоцлол бүжигчнээр Б.Одбаяр, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол балетчин МУГЖ Ч.Ганчимэг зэрэг олон улсын болон үндэсний авьяаслаг уран бүтээлчдийн баг бүжгийн дэглэлт, хөгжмийн болон гэрлийн найруулга, тайз засал, маркетингийн олон улсын шаардлагад нийцсэн, онцлог, шинэлэг, чанартай бүтээл байхаар хамтран ажиллаж байна.

Бүжгэн жүжиг “Гал Усыг мөрөөдөв”, “Ус Галд дурлав”, УСГАЛ? гэсэн гурван бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүрийн өмнө амьд хөгжмийн гоцлол болон ижил сэдэвтэй видео бүтээлийг толилуулах болно.

Энэхүү бүжгэн жүжгийг тайзнаа тавихаар Монголын Урлагийн Зөвлөл санаачлан, ивээн тэтгэгчээр Швейцарийн Хөгжлийн Агентлаг, хамтран зохион байгуулагчаар Corporate Hotel & Convention Center, ивээн тэтгэгчээр Петро Матад ХХК, дэмжигчээр нийслэлийн Улаанбаатар чуулга, Занаду Вайнс хамтран ажиллаж байна. Хэвлэлийн ивээн тэтгэгчээр UBS, Стар ТВ, Эко ТВ, О ТВ, V ТВ, MNC ТВ болон Univision, Гоодаль сэтгүүл, news.mn; ikon.mn, ticket.mn сайтууд хамтарч байна.

Тоглолтын тасалбар 30.000-50.000 төгрөгөөр Монголын Урлагийн Зөвлөлийн оффис, Corporate Hotel & Convention Center-ийн бүх салбар болон www.ticket.mn худалдаалагдаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна