Бонд халамж биш зам болжээ

2015 оны 12 сарын 14

Бондын мөнгөөр “бойжсон” замуудын нээлт өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. Зам дагаж хөгжил гэдэг. Хэдэн жилийн өмнө Монголын хөдөөгийн замууд там байсан бол зам шиг замаар хот нь хөдөөтэйгөө, хөдөө нь хоттойгоо холбогдож, ингэснээр нутаг нь эзэнтэй, эзэн нь ажилтай, амьдралтай залгаж байна гэсэн үг.

Хөгжлийн банкны хөрөнгө хаачив аа гэсэн МАН-ынхны хайгаад байгаа мөнгө дэд бүтэц, барилга бүтээн байгуулалтад шингэснийг дээрх замууд баталлаа.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд, хэдэн замын нээлтэд Ерөнхий сайд болон УИХ гишүүд оролцож, бондын мөнгөөр боссон замуудтай танилцав. Үүнээс хэдэн хоногийн өмнө Увс аймагт “Гудамж” төслийн нээлт болж, УИХ дарга энэхүү үйл ажиллагаанд оролцоод ирсэн билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт аймаг бүрийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Улаанбаатар хот, аймгуудын төвийн авто замын нөхцөлийг сайжруулах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд Улаангом хотод 10.5 км авто зам, 2.1 км найман тойрог, 14.5 км явган зам, 2.1 км дугуйн зам, 8.2 км гэрэлтүүлэг, гэрлэн дохио, инженерийн шугам сүлжээг хүчитгэсэн лотки, гүүр хоолой, ногоон байгууламж бүхий авто замын ажлыг гүйцэтгэн, ашиглалтад хүлээлгэн өгчээ.

Тэгвэл өнгөрсөн Баасан гаригт Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай автозамын нээлт Архангай аймгийн Тариат суманд болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, М.Санжмятав болон Архангай, Завхан аймгийн ард иргэд оролцсон байна. Мөн Архангай аймагт “Гудамж” төслийн нээлт мөн болсон юм.

2015 онд орон нутагт тавьсан 1000 гаруй км замын гол хэсэг болох Халзан бүргэдэй-Солонготын давааны хатуу хучилттай зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотоос 700 орчим км орших алс нутгийнхан энэ замыг долоо орчим цагт туулах боломж бүрдэж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг газарт монголчууд аялж, эх орныхоо байгалийн сайхантай танилцах, аялах сайхан боломж ийнхүү бүрдэж байна.

Өнгөрсөн зуны наадмаар Хөвсгөл далайд хүн болгон шахуу очиж амарсан. Ямар сайндаа л “Хөвсгөл яваагүй бол хүн биш” гэсэн хөөрхөн хэл үг ч гарах билээ. Ийнхүү зам дагасан хөгжил, хөгжил дагасан хөрөнгө оруулалтууд нэмэгдсээр. Нэг зам ашиглалтад орохын хэрээр нэжгээд салбар хөгжилд хүрнэ гэсэн үг. Солонгорсон эдийн засгийг хөгжүүлэхэд дэд бүтцийн хөгжил хэрэгтэй. Адаглаад л аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх анхны эхлэл бол зам.

Хөвсгөл аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон анхны зун 43 мянган тээврийн хэрэгсэл тус нутагт зорчсон бол ирэх зун Архангай аймагт дотоод, гадаадын аялал жуулчлал хөгжиж, үүнийг дагаад эдийн засаг, бараа таваарын эргэлтэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт орон нутгийнхан болоод салбарын яамныхан итгэлтэй байна.

Ирэх хавар Завхан аймгийн Тосонцэнгэл сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдохоор бэлтгэл ажлыг хангаад байгаа гэх. Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд хатуу хучилттай автозамаар холбох төлөвлөгөөгөө Ерөнхий сайд хөдөө орон нутагт ажиллах үеэрээ онцолсон байна. Тэрбээр “2016 онд багтааж Монгол Улсынхаа 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой засмал замаар холбох зорилтоо бид хэрэгжүүлнэ. Эдгээр зам гүйцэтгэх эзэнтэй болсон, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ” гэдгийг амлав.

Бондын мөнгө бол яах аргагүй АН-аар “овоглох” ёстой. Гэхдээ энэ мөнгө халамж, “хайр” болоод дууссангүй, нүдэнд харагдах, гарт баригдахуйц бодит ажил болж байгаад талархууштай.

Бондын мөнгө “боодог болов уу” гэж хараад байгаа улстөрчдөд хандаж хэлэхэд бондын мөнгө халамж биш зам болжээ.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна