Ц.Даваасүрэн: Квотын асуудлыг дэмжихгүй

2015 оны 12 сарын 14

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр Төрийн ордонд энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Энэ долоо хоногт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нарын өргөн мэдүүлсэн Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Хуулийн төсөлд валютын ханшийг Монголбанк бодлогоор зохицуулна гэсэн заалт оруулж байгааг дэмжинэ гэдгээ Ц.Даваасүрэн гишүүн хэллээ.

Тэрбээр, “Монголбанкны удирдлагууд валютын ханшийн зохицуулалтыг хариуцдаггүй гэсэн хариуцлагагүй гэж мэдэгдэж байсан. Аливаа улс орон экспортын чиг баримжаатай юу, импортын чиг баримжаатай юу гэдгээс хамаарч, валютын ханшаа зохицуулах зорилтоо тодорхойлж байдаг. Манайх шиг импортын хэрэглээ өндөртэй оронд үндэсний мөнгөн тэмдэгт чанга байх ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бие даагчид дэмжих аж. Хуулийн төсөлд харваачдад улсын цол тэмдэг олгох асуудлыг тусгасан байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 600 км-ээс алслагдсан байх юм бол татварын хөнгөлөлт эдлэх асуудлыг тусгасан тул бие даагчид дэмжихээр байр суурь нэгджээ. Харин Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй юм байна. Хуулийн төсөлд 7 дугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор тусгасан.

Ц.Даваасүрэн гишүүн Анхдугаар Үндсэн хууль баталсан буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны Улс тунхагласны өдрөө тэмдэглэдэг байх нь зөв гэсэн байр суурьтай байна. Түүнчлэн “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон зээлийн барьцаатай холбоотой цэцийн дүгнэлтэд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ орон нутагт ажиллах үеэрээ Сонгуулийн тухай хуулиар иргэдийн санаа бодлыг сонсоход намын жагсаалтыг буруушааж, “Сонгуулиас сонгуулийн хооронд хуулиа өөрчлөдөг байж болохгүй” гэцгээж байжээ. Бие даагчид ч үүнтэй байр суурь нэг байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна