24 дүгээр сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

2015 оны 12 сарын 14

Чингэлтэйн дүүргийн хоёрдугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн цайны газарт өглөө 06.40 цагийн орчимд нийтийн хоолны цахилгаан тогоо шатсан байна. Чингэлтэй дүүргийн Аврах гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчид дуудлагын дагуу газар дээр нь ажиллаж, орчныг аюулгүй болгожээ. Хичээл эхлээгүй байсан учир галд хүүхэд өртөж, бэртэж гэмтээгүй. Урьдчилсан дүгнэлтээр гал цахилгааны холболтоос үүдсэн байж болзошгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Хэргийн газарт очиход 24 дүгээр сургуулийн захиргаанаас мэдээлэл өгөхөөс татгалзсан. Мөн цахилгаан тогоо шатсан цайны газрын эзэд нийслэлээс зарласан тендерт шалгарч, өнгөрсөн наймдугаар сарын 24-ний өдрөөс тус сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хариуцан ажиллаж эхэлжээ.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт ахуйн гал түймэртэй холбоотой галын дуудлага 10-15 бүртгэгдэх болжээ. Жишээлбэл өчигдөр Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороонд таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага 07:29 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Ингээд дуудлагын дагуу албан хаагчид ослын газарт очиход ахуйн гал түймрийн улмаас 2-16 насны гурван хүүхэд гэртэйгээ хамт шатаж, нас барсан байжээ.

Гэртээ хүүхдээ ганцаарыг нь үлдээх, дулаалга зөв хийгдээгүйгээс, цахилгаан холболтоо буруу хийснээс, цахилгаан тогоогоо хэт ачаалуулснаас болж, цахилгаанаас үүдэлтэй ахуйн гал ихээр гарч байна. Иймээс эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байж, болзошгүй галаас урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна