Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид Байлдааны туг гардуулах ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.14-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид Байлдааны туг гардуулах ёслол боллоо

Өвлийн дунд сарын шинийн гуравны билэгт сайн энэ өдөр Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд Байлдааны туг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Байлдааны туг нь ангийн бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлэгдэл билээ. Зэвсэгт хүчний 284 дүгээр анги нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах, Улсын хил тогтоох, тодотгох ажилд оролцож ирсэн түүхэн гавьяатай хамт олон төдийгүй батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хэмжээнд цэргийн байр зүй, геодезийн хангалтыг тасралтгүй явуулж байна.

 

Ёслолын эхэнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонг Хүндэт харуул угтан авсан бол үүний дараа Ц.Цолмон сайд Байлдааны тугийг Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Д.Энхцогт гардуулан өгсөн юм. Ц.Цолмон сайдын хамт БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар оролцсон. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ангийн бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ "Миний бие 30 гаруй жилийн түүхтэй Зэвсэгт хүчинд байр зүй, геодезийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа тус ангид байлдааны туг гардуулж байгаадаа баяртай байна. Цэргийн ангийн дайчин уламжлал, эх орноо батлан хамгаалах ариун үүрэг, цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл болсон цэргийн ангийн байлдааны тугаа хүлээн авч байгаа та бүхэндээ аранзал улаан тугийнхаа дор ангийн түүхэн уламжлал нэр алдрыг ямагт өргөж, цэргийн эрдэм мэдлэг, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж байна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. Байлдааны туг гардуулсаны дараа албаныхан энэ ангийн ололт амжилт, цаашид авах арга хэмжээний тухай ярилцсан юм. Ангийн захирагч, дэд хурандаа Д.Энхцогийн хэлснээр ангийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд багагүй ажил зохион байгуулжээ.

 

Цаашдаа ангийн штабын байрыг давхар болгож ажлын байраа томосгох, орчин үеийн геодези, багаж хэрэгслээ нэмэгдүүлэх шаардлага байгааг салбарынхаа сайдад учирласан. Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газартай хамтран ажиллах байдлаа нэмэгдүүлэх тухай онцлов. Учир нь манай улсын хэмжээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хоёр байгууллага учраас хамтран ажиллах шахалт, шаардлага, хэрэгцээ байгаа ажээ.

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж