Cэргээгдэх эрчим хүчний салбарт АНУ дэмжлэг үзүүлнэ

2015 оны 12 сарын 14

 

Монгол Улсын Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг АНУ-ын Төрийн Департаментын Уур амьсгалын асуудал хариуцсан орлогч, тусгай элч Карен Флоринитэй Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх суурь конвенцийн талуудын 21 дүгээр бага хурлын үеэр уулзсан.

 

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох чиглэлээр АНУ-аас хөгжиж буй оронд зориулан хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Мянганы Сорилтын Сангийн тусламжтай хэрэгжүүлэх гэж буй үйл ажиллагаа болон Уур амьсгал, цэвэр агаарын эвслээс хэрэгжүүлж буй хөтөлбөрт хэрхэн хамрагдах, Монгол Улс нүүрсний хэрэглээгээ бууруулахын тулд аль хөтөлбөрт хамрагдан ямар дэмжлэг авах асуудлаар санал солилцсон.

 

АНУ-ын Төрийн Депарментийн Уур амьсгалын асуудал хариуцсан Орлогч тусгай элч Карен Флорини: Уур амьсгалын ногоон сан, АНУ-ын Засгийн газрын USAID (Гадаад улс орнуудад тусламж үзүүлдэг) байгууллага, Уур амьсгал, цэвэр агаарын эвсэл, АНУ-ын засгийн газрын байгууллага болох Байгаль хамгаалах агентлаг, Цэвэр эрчим хүчний шийдэл төв болон бусад байгууллагаар дамжуулан санхүүжилт олгон уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох чиглэлээр АНУ олон төрлийн үйл ажиллагаа, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монгол Улс салхийг ашиглан эрчим хүч гаргаж авах боломжтой гэж үзэж байна. Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагаар дамжуулан санхүүгийн дэмжлэг авах боломжтойгоос гадна хувийн хэвшлийн оролцоотойгоор сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, туслалцаа дэмжлэг үзүүлэх боломжтойг дурдсан юм.

 

Тусгай элч Карен Флорини сэргээгдэх эрчим хүчний бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд техник, технологи болон чадавхи нэмэгдүүлэн бэхжүүлэх чиглэлээр туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах сэргээгдэх эрчим хүчний асуудал хариуцсан албаны хүнтэй БОНХАЖЯ-ыг холбон өгөхөө мэдэгдсэн.