Барилгачин Баярааг СУИС-д сургана

2015 оны 12 сарын 14

“Авьяаслаг монголчууд” тэмцээний шилдэг оролцогчдын төлөөллийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр хүлээн авч уулзжээ. Энэ үеэр тэрбээр “Авьяаслаг монголчууд” наадмын гуравдугаар байрын шагналт А.Отгонбаярт СУИС-д дөрвөн жил суралцах эрхийн бичгийг гардуулж, цаашдын сурлага, хөдөлмөр, уран бүтээлд нь амжилт хүсжээ.

Харин шилдэг наймд орсон “Янзаган хүрээ”, Б.Тэмүүлэн, М.Халиун, А.Уранбилэг нарт талархлын бичиг, гарын бэлэг гардуулсан байна. Л.Гантөмөр “Авьяасаа нээсэн хүүхэд өөртөө итгэлтэй болдог. Өөртөө итгэсэн хүүхэд юуг ч чаддаг. Тиймээс хүүхэд бүрийн авьяасыг нээж хөгжүүлэх нь маш чухал. Авьяастнууддаа дахин баяр хүргэе. Та бүгд бүгдээрээ ялагч шүү. Хүүхэд бүрд урам зориг, итгэл өгсөн та бүхэнд дахин талархал илэрхийлье” хэмээн залууст урам хайрлажээ.

Харин “Авьяаслаг монголчууд” наадмын гранпри шагналт “Эгшиглэнт чимээ” хамтлагийг Л.Гантөмөр маргааш хүлээж авахаар болсон байна. Шоуны эцсийн шалгаруулалтын үеэр шүүгч Чукагийн “Энэ их хөдөлмөрч багшийг хардаг хүмүүс нь харна биз ээ” гэж хэлсэн нь олны дэмжлэгийг ихээр авч, фэйсбүүк, твиттерээр жиргэх болсон билээ. Тэгвэл БСШУ-ны сайд Л.Гантөмөр С.Жамъянхорол багшийг гавьяатад тодорхойлжээ.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна