Дарханд Африкийн арслан, Австралийн имж “иржээ”

2015 оны 12 сарын 14

Сэтгүүлч:
Дархан- Уул

Дархан хотын музейд  Африкийн арслан, Австралийн имж  хүрэлцэн ирсэн нь багачууд, хүүхдүүдийн сонирхлыг татаад багагүй хугацааг үдэж байна.  Тус аймгийн музейн захиргаа  Улаанбаатар хотын Байгалийн түүхийн музейтэй хамтарч ажилладаг бөгөөд энэ ажлын хүрээнд  тус аймгийн музейд Байгалийн түүхийн музейгээс танин мэдэхүйн ач холбогдолтой ховор, сонин үзмэрүүдийг залж аваачдаг юм байна.  

Энэ удаа Монголын  ховордсон ан амьтдыг  үзэгчдийн хүртээл болгохоос гадна  Өмнөд Америкийн лам гөрөөс, хойд туйлын оцон шувуу зэрэг ховор, сонин амьдтыг нүдээр үзэх боломж олгосонд багачууд, хүүхдүүд гэлтгүй  эцэг, эхчүүд хүртэл ам сайтай байна. Сүүлийн өдрүүдэд Дархан-Уул аймгийн  музей үзэгч хүүхдээр дүүрээд байгааг музейн захирал  Д.Жамбалдорж хэлж байсан.  

         Музейд аялж буй бяцхан багачуудтай хөөрөлдөхөд, “Хүүхдүүд бүгдээрээ л  хурдан том болохыг хүсч мөрөөддөг. Тэгвэл бидний энэ хүсэл мөрөөдлийг биелүүлэх газар бол музей гэдгийг хэлж байсан. Учир нь тэд,  анги хамт олноороо аварга амьтдын дунд аялж, хүүхэлдэйн киноны сэтгэлд хоногшсон баатруудтай алхам тутамдаа таарч байгаад тунчиг баярлаж  байгаагаа хэлсэн. 

 

Дархан хотын музей 1000 гаруй үзмэртэй

Дархан хотын музей анх 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр В.И.Лениний мэндэлсэний 100 жилийн ойгоор ихэвчлэн фото зурагаас бүрдсэн 500 үзмэртэй “Найрамдал” музей нэртэйгээр байгуулагдаж, анхны даргаар нь МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга асан Дарамын Төмөр-Очир ажиллаж байсан гэдгийг  музейн захирал хуучлав. Тус музей нь 1990 оноос “ Дархан хотын музей”, 1994 оноос “Дархан-Уул аймгийн музей” нэртэй болон өргөжиж, одоогоор 1200 гаруй үзмэртэй “Байгаль”, “ Угсаатан”, “Түүх”, “Найрамдлын” гэсэн дөрвөн танхимтайгаар дотоод, гадаадын жуулчин, Дархан хотын  иргэдэд үйлчилдэг ажээ.

Байгалийн танхимд Дархан-Уул аймгийн Шарын голын сумын нүүрсний уурхайгаас олдсон дэлхийд устаж үгүй болсон арслан зааны соёо, Монголын газар нутаг дээр Хирсний толгой, дунд чөмөг, Одос үхрийн толгой, дунд чөмөг, монгол орны томоохон уул нурууд болон Хангай Хэнтийн уулархаг нутагт нутагладаг амьтдыг үзмэр болгон тавьсан нь үзэгчдийн сонирхолыг татдаг юм байна.  Угсаатны танхимд Монголын үндэстэн угсаатны эрт үеэс уламжлагдан ирсэн ховор бүтээлүүдийг дэлгэн тавьжээ. Мөн ардын урлагийн хөгжим, шашны хөгжмийн зэмсгийн дээжис, шашин мөргөлийн эд зүйлс, монгол тоглоом наадгай, монгол ахуйг үзэгч олонд сурталчилан таниулж байгаад  музейг сонирхох олон хүн талархал илэрхийлж байв. Ингээд тус с музейд залрах  ховор амьтдын тухай дуулгая. 

Австралийн имж  яагаад ууттай болсон бэ?

Хүүхэд, багачууд гэлтгүй томчууд бидний анхаарлыг татах амьтдын нэг нь Австралийн имж байв. Тиймээс энэ амьтны талаарх зарим мэдээллийг онцлон сонирхсон юм.  Энэ тухай музейн тайлбарлагч бүсгүйгээс дараах мэдээллийг бидэнд дуулгасан. “Имж болон куала баавгай зэрэг Австралийн ихэнх амьтад ууттай байдгийг бид мэднэ. Тэдний ялгарах нэг онцлог нь үр төлөө авч явахад зориулагдсан уут  юм. Уутат амьтдын үр төл эхээс төрөхдөө гүйцэд бойжоогүй байдаг. Хойд хоёр хөл нь л гэхэд дөнгөж цухуйж байдаг. Ийнхүү төрснийхөө дараа эхийнхээ уутанд гүйцэд бойждог бөгөөд  тэнд нь зулзагыг хооллох булчирхай байдаг гэв.  Жишээ нь, имжний зулзага эхийнхээ уутанд зургаан cap амьдардаг. Харин куала болон зарим нэг амьтдын уут нуруун дээрээ байдаг аж. Дэлхийн олон зуун эрдэмтэд уутат амьтдын гарал үүслийг  тогтоохоор олон судалгаа хийсэн байна. Судалгааны  дүнд одоо мэдэгдэж байгаагаар хамгийн эртний уутат амьтан (Sinodelphys szalayi) Хятадын нутагт ойролцоогоор 125 жилийн тэртээ амьдарч байсан нь тогтоогджээ. Мөн уутат амьтад зөвхөн Австрали тивд байдаг гэвэл эндүүрэл аж. Учир нь Ази тивд одоо хүртэл хэд хэдэн төрлийн уутат амьтан амьдардаг. Индонезийн Сулауэзийн бүс нутагт уутат бич, зарим нэг ууттай туурайтан байдаг гэв. 

Африкийн арслан хүн иддэг үү

Музейд зочлох хүмүүсийн анхаарлыг татах бас нэг үзмэр нь мэдээж, аварга арслан. Ойролцоогоор 2-3 метр урттай энэ амьтан музейн зааланд чимээгүйхэн налайж хэвтэх нь үзэгч хүүхдүүдийн зураг дарах хоббиг хөдөлгөх аж.  Багачууд, хүүхдүүд маань  түүнийг араатны хаан арслан  гэдгээр нь илүү сайн танина гэдгээ хэлж байв. Харин музейн тайлбарлагч бүсгүй дараах мэдээллийг  өгөв.

“Африкийн арслан нь манай гаригийн аюултай амьтдын  нэгд зүй ёсоор тооцогддог.  Одоогоор зөвхөн Африк болон Энэтхэгийн нутагт тархах боловч, цагтаа Африк, Ази, Европийн умард нутаг гэсэн өргөн уудам нутгаар тархан амьдардаг. Аварга арслан нь ихэнхдээ сүрэглэж амьдардаг.  Нэг сүрэгт нэгээс хоёр эрэгчин, гурваас зургаан эмэгчин, бас зулзаганууд байдаг аж.  Гэхдээ сүрэгтэй болтлоо эрэгчин нь ганцаараа амьдардаг.  Эрээн тахь, анааш, одос үхэр зэрэг амьтдаар хооллодог” гэв. Хамгийн сонирхолтой нь, Африкийн арслан хүн идэх зорилго өвөрлөдөггүй ч ширэнгэн ойд жилд 70-аад хүн арсланд идүүлдэг  гэдгийг ховордсон  амьтдын талаарх өгүүлэлд дурьдсан байдаг. Тэгэхээр Африкийн арсланг хүн иддэг гэхээс илүү “аюултай амьтдын нэг” гэсэн тодотголоор мэдээллээ түр өндөрлөе. 

Бүх зүйлийн оцон шувуу  өмнөд хагасаас гаралтай

Тус музейд заларч буй үзмэрүүдээс  хүүхдүүдийн анхаарлыг татаж буй бас нэг үзмэр нь хойд мөсөн туйлын оцон шувуу. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйл,  тэр дундаа  Антарктидаар төвлөрөн амьдардаг, далавчтай хэрнээ нисдэггүй энэ шувуу хамгийн хөөрхөн, өхөөрдөм амьтдын нэг байв.  Усанд  амьдрахад дасан зохицсон энэ шувууний  энгэр цээж нь цагаан, нуруу хэсэг нь хар өдөөр бүрхэгдсэн. Хүүхэлдэйн киноноос харж, хэдийн танил болсон учир хүүхдүүд түүнийг  сам хорхой, загас, арваалж зэргээр  хооллодог,  амьдралынхаа тэн хагасыг усанд, хагасыг  нь хуурай газарт өнгөрөөдөг гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байв.

Бүх зүйлийн оцон шувуу нь өмнөд туйлаас гаралтай ч, ганц Антарктид гэлтгүй зарим зүйл нь сэрүүн бүсээр амьдардаг юм байна. Тухайлбал, галапагос оцон шувуу нь экваторын дэргэд амьдардаг. Оцон шувууны хамгийн том зүйл нь император оцон шувуу бөгөөд нас бие гүйцсэн нь дундажаар 1.1 м өндөр, 35 кг жинтэй байдаг аж. . Хамгийн жижиг зүйл нь  цэнхэр оцон шувуу. Энэ нь 40 см өндөр, 1 кг жинтэй. Том биетэй шувууд нь голдуу хүйтэн бүсэд элбэг  таардаг бөгөөд  жижиг шувууд нь  ерөнхийдөө сэрүүн, дулаан бүсээр нутагладаг ажээ.  Балар эртний үеийн зарим  оцон шувуу нь насанд хүрсэн хүнтэй тэнцэхүйц өндөр, жинтэй байдаг гэнэ. 

Б.ЭНХТУУЛ

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна