Нүүрсний хэрэглээ ба тэмцэл

2015 оны 12 сарын 15

Парис хотноо 200 орчим орны төлөөлөгчид цуглан хоёр долоо хоногийн турш хэлэлцсэний эцэст уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэрээг баталсан юм. Энэхүү гэрээ нь 2020 оноос хойших олон улсын уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах гол зохицуулалт болох ёстой юм. Гэрээнд хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд зориулан жил бүр 100 тэрбум ам.долларыг санхүүжүүлэхээр тусгасан бөгөөд таван жил тутамд хийсэн ажлаа дүгнэж байхаар болжээ.

31 хуудас бүхий гэрээнд дэлхийн температурыг аж үйлдвэржилтийн өмнөх түвшинд хүргэж, дулаарлыг Цельсийн хоёр хэм хүргэхгүй байхад чиглэж байна. Өдгөө дэлхийн температур Цельсийн хоёр хэмээр нэмэгдэхэд сүйрэл болохыг шинжлэх ухаанчид анхааруулж буй. Харин ямар ч арга хэмжээ авахгүй бол 2100 он гэхэд дэлхийн температур Цельсийн 3.5 хэмээр нэмэгдэхийг цаг уурчид анхааруулж байна.

Уур амьсгалын аюултай өөрчлөлтийн эсрэг дэлхийн тэмцэлд эрчим хүчний хэрэглээ нэмэгдсээр байгаа нь хэрхэн уялдах вэ?

Олон улс дэлхийн дулаарлыг хоёр хэмээс хэтрүүлэхгүй барихын тулд ирэх 35 жилийн хугацаанд нүүрсхүчлийн давхар ислийн (CO₂) хэмжээг 886 тэрбум тонноор бууруулах хэрэгтэй. Гэвч үйлдвэрлэл, хэрэглээний өсөлтөө дагаад эрчим хүчний хэрэгцээ ойрын 20-30 жилийн хугацаанд мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байна. Иймд нүүрсний хэрэглээг бууруулах нь хялбар биш бөгөөд үнэтэй байх болно. Сүүлийн 30 жилийн дунджаар нүүрсний хэрэглээний жилийн өсөлт 2.5 хувь байв. Харин олон улсын эрчим хүчний агентлагаас үүнийг 2012-2040 оны хоорондох хугацаанд 0.5 хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг баримталж байна.

Олон улс хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд 80 хувь, 2070 он гэхэд тэглэх ёстой болж байна. Энэ нь биелүүлэхэд бэрхшээлтэй маш том зорилт учраас улс орон, ялангуяа хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг, эрчим хүчний хэрэглээ өндөртэй орнууд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай болно. Хэдийгээр АНУ, Европын орнууд, Япон зэрэг хөгжингүй орнууд бохир түлшний хэрэглээг яг одоо халж болж байгаа ч хөгжиж байгаа орнуудад илүү хугацаа хэрэгтэй.

Дэлхийн гурван том бохирдуулагч орны нэг Хятад улс 2020 он гэхэд эрчим хүчний системийн 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төлөвлөгөөг танилцуулжээ. 2012 оны байдлаар Хятадын нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалтын хэмжээ гурван хувиар нэмэгдсэн байв. Энэ нь өмнөх онд нь 10 хувь байжээ. 1870 оноос хойш дэлхийн нүүрсхүчлийн хийн бохирдлын 18 хувийг АНУ, 13 хувийг Хятад улс ялгаруулжээ.

Хүлэмжийн хийг бууруулахын тулд эрдэмтэн судлаачид ойн нөөцийг нэмэгдүүлэх, далай, тэнгисийг ургамалжуулах, агаараас нүүрс хүчлийн хийг сордог технологи гаргах, сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлэх зэрэг олон санааг дэвшүүлж байна. Өмнө нь 2009 онд Дани улсын Копенгаген хотноо хуралдсан НҮБ-ын бага хурлаас дэлхийн дулаарлын хэмжээг Цельсийн 20С-иос хэтрүүлэхгүй байх зорилт дэвшүүлсэн байдаг аж.

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна