Обама довтолгоо эхэлснийг зарлав

2015 оны 12 сарын 15

Фото: Evan Vucci / AP

 

Сирийн нутаг дэвсгэрт “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Америкийн тусгай хүчнийхэн хуурай замын ажиллагааг эхлэн орон нутгийн хүчнийг Ракка хотын ойролцоо дэмжиж эхэлснийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Мөн алан хядагчдын нефтийн дэд бүтцийг бөмбөгдөж байгааг Обама онцлов.

 

Тэрээр алан хядагчид Иракийн нутгийн хяналтын районыхоо 40 хувийг алдсан, АНУ “Исламын улс”-ын зүрхэнд нь цохилт хийж, лидерүүдийг нь устгаж байгааг тэр хэлэв.

 

Арванхоёрдугаар сарын 7-нд ORC International байгууллага CNN телевизтэй хамтран явуулсан судалгааны дагуу америкчуудын 55 хувь нь алан хядагчдын эсрэг хуурай замын ажиллагаа явуулахыг дэмжсэн байна. Санал асуулгад хамрагдагчдын 68 хувь нь АНУ-ын алан хядагчтай хийж байгаа тэмцлийг идэвхгүй байна гэж үнэлжээ.

 

Арванхоёрдугаар сарын 6-нд Обама Конгресст хандан “ИУ” бүлэглэлийн эсрэг цэргийн хүч хэрэглэх зөвшөөрөл гаргахыг уриалсан юм. “Алан хядагч нартай тэмцэхэд бүх боломжийг ашиглана. Оростой ч хамтран” гэж тэр хэлсэн билээ.

 

“Исламын улс” бүлэгтэй тэмцэх зорилгоор 200 хүнтэй отрядыг АНУ Сирид илгээж байгаа тухай энэ сарын эхээр мэдэгдсэн юм.

 

Аравдугаар сарын 30-нд Сирид 50 мэргэжилтнүүдийг илгээх тушаалыг Обама өгсөн юм. Тэд төвийг сахисан сөрөг хүчнийг дэмжихээс гадна холбоотнуудын агаарын цохилтыг зохицуулж байгаа юм. Цэргийнхээ тоог нэмнэ гэж Пентагон хожим мэдэгдэж байлаа.

 

АНУ-ын толгойлсон 65 орны эвсэл Иракийн нутаг дэвсгэрт алан хядагчдыг 2014 оны наймдугаар сараас хойш бөмбөгдөн газарт тулалдаж байгаа курдын хүчийг дэмжиж байна. Сарын дараа тэд Сирийн нутаг дахь Исламын улс бүлэглэлийг бөмбөгдөж эхэлжээ. Оросын нисэх хүчин 2015 оны есдүгээр сарын сүүлчээс Ассадын армийг дэмжин алан хядагчдыг бөмбөгдөж байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна