Нефтийн үнэ дахин буурлаа

2015 оны 12 сарын 15

Фото: Global Look

Brent маркийн нефтийн баррелийн үнэ Лондоны бирж дээр гурав гаруй хувиар бууран 36,8 доллар боллоо. Даваа гаригийн энэ буулт нь 2008 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болжээ.

Техасын WTI хольцийн үнэ 34,81 доллар хүрсэн нь сүүлийн зургаан жилийн хамгийн доод хэмжээ болж байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унах шалтгаан нь Ираны нефтийн олборлолт ба экспорт нэмэгдсэнээс болж байна.

Иран энэ жилийн арваннэгдүгээр сард 2,8 сая баррель нефтийг өдөрт олборлох болжээ. Энэ жилээс хориг арга хэмжээ нь цуцлагдаж байна. Иран ойрын ирээдүйд олборлолтоо нэг сая баррелиар нэмэгдүүлэх боломжтой ба Тегеран бусад олборлогч нарыг олборлолтоо өдрийн 1,3 сая торхоор буулгахыг уриалж байгаа юм.

Нефть экспортлогч орнууд арванхоёрдугаар сарын 4-нд олборлолтын квотоо өдрийн 30 -аас 31,5 сая баррель болгохоор ярилцсанаас хойш нефтийн үнэ тогтмол доошилж байна.

Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев арванхоёрдугаар сарын 9-нд мэдэгдэхдээ, нефтийн үнэ унах нөхцөлд В ба С гэсэн төлөвлөгөө байгаа гэж хэлээд засгийн газрын байр суурь маш бодит гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна