Төмөртэйн орд руу 34.5 км шинэ төмөр зам тавигдлаа

2015 оны 12 сарын 15

Төмөртэйн уурхайгаас "Болд төмөр-Ерөө гол" компанийн Хандгайт өртөө хоорондох 34.5 километр төмөр зам өнгөрсөн амралтын өдрүүдэд ашиглалтад орлоо. Үүнээс өмнө Хандгайт хүртэл 20 километр газарт автомашинаар тээвэрлэн вагонд дамжуулан ачаалдаг байжээ. 230 сая тонн нөөцтэй, төмрийн ордууд дотроос цорын ганцаар стратегийн жагсаалтад багтсан Сэлэнгийн Төмөртэй ордын лицензийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшдэг. 2011 онд нэг сая 98 мянган тонн хүдэр экспортолж байх үед нэг тонн төмрийн хүдрийн үнэ 137 ам.доллар байсан бол одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр 36 ам.доллар болтол огцом буурчээ. Хямрал төмөрлөгийн салбарынханд цогцолбор барих мөрөөдлийг нь хэсэг хугацаанд хойшлуулсан ч тэд дэд бүтцийн бүтээн байгуулалтаа ийнхүү хийж дуусгажээ. УБТЗ-ын барилгын анги нэг жилийн хугацаанд газар шорооны ажлыг хийсэн бол гурван сарын хугацаанд төмөр замыг амжилттай барьж өгчээ.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр цаашид жилд зургаан сая тонн төмрийн хүдрийг экспортлохоор төлөвлөжээ. “Болд төмөр-Ерөө гол” компани найман сая тонныг борлуулахаар шийдвэрлэсэн нь жилд нийлээд 14 сая тонн болж байна. 36 ам.доллараар борлуулж буй төмрийн хүдрийн тээвэрлэлтийн зардал 18 ам.доллар болсон нь зардлыг бууруулах чиглэлд санаачилга гаргах хэрэгтэйг сануулж байна.

Манай улсын төмрийн хүдрийн нийт таамаг нөөц хоёр тэрбум тонн. Баталгаажсан нь 600 сая. Үүний 450 сая нь Дархан, Сэлэнгийн бүс нутагт байна. Тэр дундаа Төмөртэй, Хуст-Уул, Баянгол, Төмөр толгойн бүлэг орд Сэлэнгэ аймгийн хоёр суманд бүрэлдэн тогтжээ. Ердөө хоорондоо 30-40 километрийн зайд орших эдгээр ордыг эдийн засгийн эргэлтэд цогцоор, нэгдсэн бодлоготойгоор ашиглаж чадвал Таван толгой, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороос ч түрүүлж, эдийн засгийн үр шимийг нь хүртэх бүрэн боломжтойг металлургийн салбарынхан ярьдаг юм. Төмөрлөгийн үйлдвэрийн уул уурхайн металлургийн төсөл 700-аад сая ам.долларын өртөгтэй. Энэ бол төмрийн хүдрээс ган металл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуурай соронзон болон нойтон баяжуулалтын үйлдвэр барих зэргийг багтаасан томоохон төсөл юм. Төмрийн хүдрээ зарж мөнгө олсныхоо дараа энэхүү их бүтээн байгуулалтыг монголчууд хийх юм. 2017 онд монголчууд анх удаа гангаа дотооддоо үйлдвэрлэн 100 хувь хэрэгцээгээ хангана.

Д.УУДАМ

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна