Алтнаасаа л гэхэд тэрбум доллар олох боломжтой

2015 оны 12 сарын 15

Т.ГАНБОЛД: ИРЭХ ОНД ЗӨВХӨН АЛТААРАА ГЭХЭД Л ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ОЛОХ БОЛОМЖТОЙ

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболдтой ярилцлаа.


-Алт олборлогчид энэ жил хэчнээн тонн алт нийлүүлээд байна вэ?

-Алтны зах зээл дээр сүүлийн хоёр жилд эрх зүйн хувьд эерэг хандлага гарч ирсэн. Ийм шалтгаанаар алтны нийлүүлэлт таван тонноос 15 тонн хүртлээ өслөө. Энэ жил 15 тонн алт нийлүүлээд байна.

-Ам.доллараар тооцвол эдийн засагт хэчнээн хэмжээний валют орсон гэсэн үг вэ?

-Мөнгөн дүнгээр бол зөвхөн алтны нийлүүлэлтээр 2014 онд 500 гаруй сая ам.доллар улсад орсон. Харин энэ жил 600 гаруй сая ам.доллар оруулаад байна. Манай эдийн засагт яах аргагүй сайн, эерэг үзүүлэлт болсон. Зээл, өр биш дотоод нөөц бололцоогоороо энэ хэмжээний доллар олчихож байна гэсэн үг. Эдийн засагт шууд оруулж байгаа мөнгөнөөс гадна шууд бус үр өгөөж ч өчнөөн. Алт олборлогч компаниуд ажлын байр бий болгохоос эхлээд эдийн засагт бодитой нэмэр болж байгаа.

-Ирэх жил алтны нийлүүлэлт хэр байх бол?

-Энэ жилийнхээ хэмжээнд байх болов уу.

-Нэмэгдэх боломжтой юу?

-Бүрэн боломж бий. Харамсалтай нь санхүүжилт, зээлийн асуудал шийдэгдэж өгөхгүй байна.

-Засгаас алтны санхүүжилтийг шийдчихлээ гээд байгаа шүү дээ. Худлаа болж таарч байна уу?

-Сүүлийн гурван жилд алтны санхүүжилт шийдэгдсэн, болсон гэсэн нэр томъёо яригдаад байгаа л даа. Гэтэл өнөөдрийн байдлаар чамлахааргүй хэмжээний валютын нөөц оруулж байгаа компаниуд санхүүгийн дэмжлэг буюу зээл авч чадаагүй. Өнөөг хүртэл нэг ч мөнгө аваагүй. Алтны компаниуд энгийнээр хэлэхэд техникжсэн боловсронгуй нинжа маягаар ажиллаж байна. Өөрсдийнхөө боломж бололцоогоор, ломбардны зээлээр өдий зэрэгтэй, ийм том юм хийж чадаад байхад санхүүгийн дэмжлэг үзүүлчихмээр байгаа юм. Эдийн засагт оруулсан мөнгөнийх нь арав, хорин хувьтай тэнцэх хэсгийг урт хугацааны санхүүгийн зээл хэлбэрээр өгөөд дэмжчихвэл алтны нийлүүлэлт өсөх боломжтой. Харамсалтай нь бодлогын, хөгжлийн гэсэн янз бүрийн нэр томъёотой зээл, тэтгэлгүүд энэ салбарт ажилладаг хэмжээний жижигчүүдэд олддоггүй нь амьдралаар, цаг хугацаагаар харагдаж байна. Дээд зиндааны, улс төрийн том нөлөөлөлтэй компаниудад л олддог шиг байна. Ийм нөхцөл дунд бид нэр төртэй ажиллаж улс орныхоо эрдэнэсийн санд алтаа нийлүүлж, эдийн засагт бодитой үзүүлэлт гаргаад явж байгаа.

-Алтны компаниудад яагаад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа вэ?

-Барууны том компаниудын хувьд санхүүгийн сайн хэрэгсэлтэй учраас үйл ажиллагаагаа өргөн хүрээгээр далайцтай явуулаад байгаа юм. Нөөцөө томоор нь тогтоогоод үйл ажиллагаагаа таваас арван жилээр төлөвлөж явуулдаг. Харин дотоодын алтны компаниудын хувьд байдал огт өөр. Санхүүгийн нөөц бололцоогүй учраас урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх зарчмаар ажилладаг.Тухайн жилийнхээ ажлыг цаг хугацаанд нь хийгээд, дараа оныхоо ажлыг дараа жилд нь ашиглалттайгаа давхцуулж хийдэг. Чадалгүй ядуу хүний жишгээр ажилладаг. Хийгээд гаргасан ажил нь чамлахааргүй их гэдгийг сүүлийн хоёр жилд алтны компаниуд харуулсан. Төр засгаас асуудалд өрөөсгөл ханддаг. “Дотоодын компаниудын сүртэй нь хаанаа байдаг юм, дийлэнх хувийг чинь иргэд тушаасан байна” гэдэг л дээ. Татварын эрх зүйн орчин хангалтгүй, дутагдалтай, хоцрогдсон гэдгийн л тод илрэл.

-Тэгэхээр компаниуд алтаа иргэний маягаар тушаадаг гэсэн үг үү?

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын хуулийн 17.1-д байдаг гурван тэрбум төгрөгөөс доош ашгаас арван хувь, гурван тэрбум төгрөгөөс дээш ашгаас 25 хувь авдаг буруу тогтолцооноос үүдээд дийлэнх нь иргэн хэлбэрээр өгдөг. Татварын дарамтад орохгүйн тулд. Тэгэхээр статистик тоон мэдээн дээр иргэд тушаасан мэт харагддаг юм. Энгийн ухаанаар бодоод үзсэн ч иргэдэд ийм боломж байхгүй. Жирийн нэг иргэн алтыг гараар малтаад олборлоно гэж байхгүй. Уулын ажил гэдэг ондоо зүйл. Хамгийн багадаа 50-70 метр гүнзгий ухаж байж олборлолт явуулдаг.

-Алт эдийн засагт бодитой нөлөө үзүүлдэг гэдэг утгаар нь Татварын хуульд өөрчлөлт оруулаад шийдчихэж болмоор юм биш үү?

-Засгийн газар, Татварын ерөнхий газрын зүгээс татварын шинэчлэлтийн ажиллагаа хийж байгаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж байна. Компани, иргэдийн үйл ажиллагааг шилэн болгож, нөхцөл байдлыг нь сайжруулж, эдийн засгаа тэлэх, татварын бааз сууриа томруулах зорилгоор хэрэгжүүлж буй хууль. Тэр утгаараа татварын орчин нь цаашдаа зөв болох ёстой. Эдийн засагт ийм өөрчлөлт ороогүй байх үед хийгдсэн хуулийг сайжруулах цаг үе ирсэн. Шинэчлэл хийгдэж байгаа. Татварын шинэчлэлийн хууль ондоо багтаж батлагдах болов уу гэсэн хүлээлт бий. Тодорхой хэмжээнд санал бодлоо илэрхийлж байна. Эдийн засагт эерэгээр нөлөөлөх хэмжээний татварын зөв зүйтэй хууль гарах байх.

-Алт олборлогч компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлчихвэл ирэх онд алтны нийлүүлэлт хэр хэмжээгээр өсөх боломжтой вэ?

-15 тонн гэсэн таамаг маань хэд ч хүрч нэмэгдэх боломжтой.

-Хоёр дахин нэмэгдэх боломж бий юу?

-Тийм боломж бий. Ломбардны зээлээр их хэмжээний алт тушааж байгаа юм чинь бодлогын хөнгөлөлттэй зээлээр дэмжвэл хэд дахин ч өсөх магадлалтай.

-Хоёр дахин нэмэгдвэл тэрбум гаруй ам.доллартай тэнцэхээр алт нийлүүллээ гэж шуугих нь дээ?

-Тэрбум байтугайг алтнаас олох боломжтой.

-АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ сард хуралдахдаа бодлогын хүүгээ өсгөж магадгүй, тэгвэл ам.долларын ханш чангарна, ногоон валютын чангарал алтны ханшийг суллаж мэднэ гэх мэт таамгууд яригдаж эхэллээ. Алтны үнэ ирэх онд яах бол, та юу гэж бодож байна?

-Алтны ирээдүйн үнэ ханшийн төлөв гэдэг бол өрөөсгөл ойлголт. Дэлхий дээр хэвлэл мэдээлэл, олон улсын бүх л эх сурвалжаар том шинжээч, судлаач, эдийн засагчид алтны үнийн талаар янз бүрийн таамаг хэлдэг. Таамгууд нь дандаа зөрдөг. Хэрвээ үнэхээр таагаад биччихдэг байсан бол дэлхийн эдийн засаг өнөөдөр ийм хүнд байдалд орохгүй байсан байх. Ирээдүйн үнэ төлөв, хандлага гэхээс илүүтэй нэг зүйл алтанд бий. Хүн төрөлхтөн ахуйн харилцаанд орсон цаг үеэс хойш эд хөрөнгө, мөнгөний баталгаа, үндэс суурь, хуримтлал хэрэглүүр зэргийг баталгаажуулдаг юм зөвхөн алт л байсан. Алмаз, очир эрдэнэ биш алт л ийм онцлогтой. Үүнд ямар нэг логистик, маркетинг гэдэг юм огт байхгүй. Өнөөдөр ч тодорхой харагдаж байгаа. Бусад түүхий эдүүдтэй харьцуулахад хамгийн их хөрвөх чадвартай, ондоо зорилгоор хэрэглээнд тооцогддог эрдэс баялаг.

-Тэгэхээр алтны үнэ унахгүй гэсэн үг үү?

-Алтны үнэ унана гэж байхгүй. Дэлхий дээр хэвлэгдэн гарч ирж буй цаасан мөнгөн тэмдэгтүүдийн тоо хэмжээ дэлхий дээр үйлдвэрлэгдэж, олборлогдож гарч ирж байгаа алтнаас хамаагүй их учраас алтны үнэ унах нөхцөл байхгүй. Тийм болохоор ойрын үед алтандаа түлхүү анхаараад явах учиртай.

-Алтны үнэ оргилдоо хэчнээн ам.доллар хүрч байлаа, 2000 ам.доллар дөхсөн санагдах юм?

-Сүүлийн тав, зургаан жилийн хугацаанд огцом үнийн өөрчлөлт гаргаж байгаа эрдэс баялаг бол алт. Унци алтны үнэ 200 ам.доллараас эхлээд бүр 1800 гаруй, бараг 1900 ам.доллар дөхсөн. Оргил үе нь 2011 байсан л даа. Унци алтны үнэ дөрвөн жилийн турш аажмаар унасаар өнөөдөр унци нь 1080 ам.доллар дээр ирчихсэн. Мянган ам.доллараас доош орно гэж байхгүй. Хөрвөх чадвартай, үнэ цэнтэй эрдэс баялаг хэвээрээ байгаа. Алтны үнэ хэзээ ч эдийн засгийн үр ашиггүй болох хэмжээнд тултал унахгүй.

-Ер нь манай улс хэчнээн тонн алтны нөөцтэй бол, багцаа тоо бий юу?

-Тогтооход хэцүү. Эртнээс нааш яригдсан таамаг нөөц гэвэл 3000 тонн гэсэн тоо байдаг. Гэхдээ ашиглалтын хэмжээнд яг баталгаажсан нөөц биш. Хувийн компаниуд хайгуулын талбай дээрээ судалгаа хийгээд нөөцөө баталгаажуулах боломжтой. Хамгийн гол асуудал нь санхүүжилт байна даа. Ер нь уул уурхайн салбарт ажилладаг компаниуд хамаагүй том нөөц гаргахаас айдаг болсон. Төр шууд л 34 хувийг нь авна гэдэг болсон учраас.

ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН СОНИН"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна