Саудын Араб 34 улсыг нэгтгэсэн цэргийн эвсэл байгуулжээ

2015 оны 12 сарын 15

 

Саудын Араб 34 улсыг нэгтгэсэн исламын цэргийн эвслийг байгуулан терроризмын эсрэг тэмцэн тулалдах болсноо мэдэгдлээ. Эр-Риядад төвтэй исламын цэргийн эвсэлд Египет, Катар, АНЭУ тэргүүтэй Арабын орнууд, Турк, Малайз, Пакистан зэрэг исламын шашинт орнууд, Африкийн зарим улсууд нэгдсэн байна. Гэхдээ эвсэлд Иран гэх мэт исламын шашны шийт урсгалыг баримтлагч орнууд багтаагүй аж. Саудын Арабын тэргүүлсэн исламын цэргийн эвсэл нь Ирак, Сири, Ливи, Египет, Афганистан дахь террорист бүлэглэлүүдтэй тэмцэх гэнэ.

 

АНУ-ын зүгээс терроризмын эсрэг тэмцэлд Арабын хойгийн орнууд оролцоо муутай байгааг шүүмжилж, “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаарын цохилтод илүү дэмжлэг, туслалцаа үзүүлэх хэрэгтэй хэмээн шахамдуулж байжээ. Парисын халдлагаас хойш “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд АНУ тэргүүтэй Барууны орнууд илүүтэй анхаарч, Сири, Иракын газар нутгийг хайр найргүй бөмбөгдөж байгаа билээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна