Нулимс асгаруулагч хий тавив

2015 оны 12 сарын 15

 

Косовогийн парламентын даваа гаригийн чуулганы үеэр сөрөг хүчнийхэн нулимс асгаруулагч цацсан хэрэг гарчээ. Сөрөг хүчнийхэн засгийн газраас Серб, Монтенегротой байгуулсан гэрээг цуцлахыг шаардаж байгаа юм байна. Хоёр канистртай нулимс асгаруулагч хий гарч буйг мэдсэн гишүүд танхимаас яарч сандран гарцгаасан гэнэ.

 

Үүний дараа чуулганд оруулахыг хориглоод байсан сөрөг хүчний гишүүдтэй хамт өөр танхимд чуулганаа үргэлжлүүлэхээр болжээ. Гэвч тэнд ч бас нэг нулимс асгаруулагчтай канистр онгойлгосон байсан учраас чуулганыг түр завсарласан байна.

 

Дээрх хэргийн улмаас сөрөг хүчний нам, “Косовогийн ирээдүй” эвслийн нэг гишүүн нулимс асгаруулагч хэрэглэсэн хэргээр баривчлагдаад байгаа гэнэ.

 

Энэ үеэр цагдаа нар парламентын ордон руу чулуу шидэж, будаг цацсан сөрөг хүчний 150 гаруй дэмжигчдийг хөөн тарааж, цонх хагалсан гурван этгээдийг баривчилжээ. Сөрөг хүчнийхэн гудамжинд зургаан машин эвдлэн сүйтгэж, нэгийг нь шатааж, цагдаа нартай сөргөлдсөн байна.

 

Сүүлийн гурван сарын турш сөрөг хүчнийхэн нь Косовогийн парламентыг эсэргүүцэж, нулимс асгаруулагч, чинжүү, шүгэл, усны сав ашиглан Пристина хотод эсэргүүцлийн жагсаал хийж байгаа юм.

 

Косовогийн Серб угсаатнуудад илүү эрх мэдэл олгосон, Монтенегрогийн хилийг заагласан гэрээг цуцлахаас нааш ямар ч чуулган болохгүй гэж сөрөг хүчин мэдэгдээд байгаа юм. Косово 2008 онд Сербээс салж, тусгаар улс болсноо зарласан авч Серб үүнийг хүлээн зөвшөөрдөггүй.

 

Дээрх хэрэг гарах үед парламентын чуулганд сууж байсан АНУ-ын элчин сайд Грег Делави чуулганыг үймүүлсэн хэргийг буруутгасан юм. Хэрэв Засгийн газар нь тэдний шаардлагыг хүлээж авахгүй бол сөрөг хүчин уг асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах эсвэл нөхөн сонгууль явуулахыг шаардаж байгаа юм. Серб угсаатнуудын эрхтэй холбоотой гэрээ Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэх хүртэл түр хойшлогдсон байна. Харин Косовогийн Засгийн газар сөрөг хүчнээ засгийн эрхийг хүчээр булаан авах гэж байна хэмээн буруутгасан бөгөөд Монтенегрогийн хилийг заагласан асуудлыг эцэслэн шийдэхдээ олон улсын экспертүүдээс зөвлөгөө авна гэж мэдэгджээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна