Сошиалд цугларсан шаазгайнууд

2015 оны 12 сарын 15

Өнгөрсөн долоо хоногийн сошиалын гол шуугиан МАХН-ын дарга Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Шадар сайд болохоор албан бичиг өгсөн явдал хийгээд МАН-ын хар хайрцаг шатаасан жагсаал, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс улбаатай, банкуудын холбооноос гаргасан мэдэгдэл байлаа.

Эдгээр сэдэв сошиал ертөнцөд хэлэлцүүлэг болж үргэлжилсэн хэвээр, харин энэ долоо хоногт твиттер, фээсбүүкээр тэнэж яваа нэгэн мэдээлэл бол Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн нүүр номын хуудаснаа үлдээсэн "талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна" гэх тайлбар. Гэвч тэрбээр, нүүр номдоо бичсэн зүйлийнхээ талаар албан ёсоор тайлбарлахаас зугтах болсон. Үнэн худал нь мэдэгдэхгүй энэ хэт хов сошиалаар түгэхийн хэрээр олон нийт ч дотор нь төөрөлдсөөр. Үүний нэг жишээ бол ШШҮХ-гээс гаргасан нийтлэлч Л.Болормаа агсны нас барсан шинжилгээний дүгнэлт. “Дагзны хүчтэй доргилтын улмаас цус харваж нас барсан байна” гэсэн уг дүгнэлттэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас ч, ШШҮХ-гээс ч ямар нэгэн байр суурийг илэрхийлэхгүй байгаа нь хүртэл иргэдэд эргэлзээ төрүүлсээр.

Сошиалаар хөвөрч байгаа дараагийн нэгэн сэдэв бол Баабар, С.Эрдэнэ нарын хэрүүл. Б.Бааварын зүгээс С.Эрдэнэ сайдын өмнө нь өгсөн өөртэй нь холбоотой ярилцлагад хариу “барьсан” сошиалын зугаа болов.

Ийнхүү монголчуудын сошиал амьдрал дуулиан, шуугианаар тасрахгүй зугаатай үргэжилсээр. Аргагүй ч биз дээ, төрийн том дарга нар нь хүртэл төрийн ажлаа сошиалаар хийдэг болоод удаж байгаа шүү дээ.

Монголчуудын сошиал амьдрал аа гэж...

А.ШАРХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна