Жон Керри Путинтэй уулзахаар Москваг зорив

2015 оны 12 сарын 15

 

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар өнөөдөр /XII.15/ Москваг зорьжээ. Жон Керри ОХУ-ын ерөнхийлөгчтэй Сирийн яриа хэлэлцээрийн асуудлыг хэлэлцэх аж.

 

АНУ-ын зүгээс Сирийн засгийн газрын холбоотон ОХУ-аар дамжуулан ерөнхийлөгч Башар аль-Ассадыг сөрөг хүчнийхний хамт хэлэлцээрийн ширээний ард суулгахыг зорьж байгаа юм. Нөгөө талд АНУ болон Саудын Араб хамтран Сирийн босогчдын эвслийг засгийн газрын талтай хэлэлцээрт хүрэхийг ятгаж байгаа аж.

 

Хэрэв Сирийн засгийн газар, босогчидтой гал зогсоох гэрээг зөвшилцөж чадвал АНУ-ын тэргүүлсэн барууны цэргийн эвсэл, Арабын холбоотнууд зөвхөн “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд анхаарлаа хандуулах боломжтой болох гэнэ.

 

Сирид 2011 оноос хойш үргэлжилж буй засгийн газар болон босогчдын хоорондох тулаан өдгөө иргэний дайны хэмжээнд хүрч, 250 мянга гаруй хүн амь үрэгдэн, олон сая энгийн иргэд дүрвээд байна.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна