Д.Амарбаясгалан сонгууль удирдах уу?

2015 оны 12 сарын 15

Өнгөрсөн 7 хоногт болсон МАН-ын бага хурлаар 21 хүнтэй удирдах зөвлөлөө 10 хүнээр нэмж, сонгууль ойртож үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй гээд нэг орон тооны нарийн бичгийн дарга, нэг орон тооны бус нарийн бичгийн даргатай болжээ. Тус бага хурлаар намын удирдлагуудыг шинэчлэх асуудал яригдана хэмээх шуум байсан ч удирдах зөвлөлд хуучин намын кадруудаа шингээж олон хүний амбицыг М.Энхболд ухаалгаар дарч чаджээ. Харин орон тоогоо УИХ-ын бүлгийн дарга болон нийслэлийн бүлгийн даргуудаа томилж удахгүй болох сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан томилогдсон нь намын олон гишүүдийн баяр бас эгдүүцлийг давхар хүргэсэн гэнэ.

Учир нь түүний улс төрийн замнал У.Хүрэлсүхийн залуучуудын холбооноос эхлэлтэй тул хотын фракцынхан Хүрэлсүхийнхэнд хамаг эрх мэдлээ өглөө хэмээн ундууцсан бол нэг хэсэг нь зоригтой, шийдэмгий хатуу гарт эрх мэдэл орж ирсэнд баярлах хэсэг байсан гэнэ. Түүний улс төрийн замналыг сонирхвол хар залуугаараа НИТХ-ын төлөөлөгч болж, намын хэвлэл хариуцсан даргаар 4 жил ажилласан түүнийхээ хариуд дахин намын жагсаалтаар төлөөлөгч болсон байна. Харин сонгуулийн дараа экс хотын дарга Г.Мөнхбаяртай намын бодлого сөрөн өрсөлдөж 2 саналаар бүлгийн дарга болсон бол ажил авсныхаа дараа улсын баатар Э.Бат-Үүлийн хүүгийн газрын асуудлыг олон нийтэд дэлгэж олон дарамт шахалтанд орж байсан гэдэг.

Гэсэн ч хашралгүй хэдхэн сарын өмнө дахин татвар төлөгчдийн мөнгийг хулгайллаа хэмээн хотын даргыг “огцор огцор” хэмээн хашгирч бүлгийн 14 хүний гарын үсэг цуглуулж, үүнийхээ хариуд 2 ажилтай намын төлөөлөгчөө ажилгүй болгосон. Барьцгүй яаж ч мэдэх түүнээс АН төдийгүй намынх нь удирдлагууд ч эмээдэг гэнэ. Харин ирэх сонгуульд МАН хэрхэн оролцох вэ гэдэг олон 1000 гишүүдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа тэрээр хэрхэн биелүүлэхийг харах үлдлээ.

С.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна